БНАСАУ-ын зүүн эргийг тоссон далай дээгүүр АНУ-ын сөнөөгч онгоц ниссэн гэж тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. Эл үйлдэл айлгах, хүч чадлаа харуулах зорилготой байжээ. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Дана Уайт өнгөрсөн бямба гарагт “Нисэх хүчний B-1B Lancer бөмбөгдөгч Гуамаас хөдөлж, Японы Окинавагаас хөөрсөн F-15C Eagle сөнөөгч онгоцтой нэгдэж, олон улсын агаарын зайд ниссэн” хэмээсэн юм. 

XXI зуун гарснаас хойш Америкийн сөнөөгч онгоц ийм хол зам туулаагүй аж. Хатагтай Уайт Америкийн хийсэн алхам шийдэмгий занг нь харуулж, өрсөлдөгчөө дарж, аюул заналхийлэлд хариу өгөх олон арга зам байгааг харуулсныг хэлсэн. 

Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний албанаас АНУ дипломат арга бүтэлгүйтвэл цэргийн хүчээр асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг удаа дараа хэлсээр буй. Энэ сарын эхээр хийсэн цөмийн бөмбөгийн туршилттай холбоотойгоор Хойд Солонгосын эсрэг хэд хэдэн нэмэлт хориг тавьсан юм.