АНУ-д галт зэвсгийн улмаас амь үрэгдсэн хүний тоо урьд байгаагүй өндөр хэмжээнд хүрчээ.

Өнгөрсөн онд тус улсад 40 мянга орчим хүн галт зэвсэг ашиглан үйлддэг гэмт хэргийн улмаас амь үрэгдсэн нь сүүлийн 40 жилд байгаагүй өндөр үзүүлэлт болсон тухай тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн тайланд мэдээлэв.

АНУ-д 2017 онд ийм төрлийн хэргийн улмаас 39800 орчим хүн амиа алдсан нь 1999 оны мөн үетэй харьцуулахад 10 мянгаар өссөн үзүүлэлт болсон байна. 1979 оноос эхлэн бүртгэж эхэлсэн галт зэвсгийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоон үзүүлэлт хамгийн өндөр хэмжээнд хүрсэн нь энэ жил  болжээ.

Мөн галт зэвсэг ашиглан амиа егүүтгэсэн хэрэг 24 мянга орчим бүртгэгдсэн нь сүүлийн 18 жилд байгаагүй өндөр үзүүлэлт болсон байна.

Галт зэвсгийн улмаас амиа алдсан хэрэгт галт зэвсэг ашиглан хүний амь хөнөөх, амиа егүүтгэх, санамсаргүйгээр амиа алдах, дайны үед амь эрсдэх болон цагдаагийн албан хаагчийн бууны суманд өртөн амь үрэгдэх зэрэг багтдаг ажээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, CNN