Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан Ордны урилгаар өнөөдрөөс эхлэн АНУ-д албан ёсны айлчлал хийж байна. 

Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Америкийн дээд удирдлагатай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцоно. АНУ-ын Засгийн газраас Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор олгож буй буцалтгүй тусламжийн гэрээг баталгаажуулах Тунхаглалд гарын үсэг зурна.

Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлэхийн зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерес, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер болон өндөр албаны бусад тушаалтантай уулзаж ярилцана.

Тэрээр Нью Йорк хотноо болох Социалист Интернационал байгууллагын төр, засгийн удирдагчдын жилийн уулзалтад оролцож үг хэлэх юм.

Мөн Вашингтон хотноо АНУ-д аж төрж буй монголчуудын төлөөлөлтэй энэ сарын 20-нд уулзахаар төлөвлөсөн байна. Үүнтэй холбоотойгоор АНУ дахь Элчин садын яамнаас тус улсад оршин суугаа Монгол иргэдийг уулзалтад ирэхийг урьжээ.

Уулзалт энэ сарын 20-ны 18.00 цагт ЭСЯ-ны байранд болох аж.