АНУ, Хятад улсын хооронд худалдааны зөрчилдөөн үргэлжилж буй энэ үед Хятадад нийлүүлдэг түүхий газрын тосныхоо нийлүүлтийг АНУ бүрэн зогсоосон тухай Хятадын “China Merchants Energy Shipping” компанийн тэргүүн Се Чуньлиний мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав.

“АНУ-аас Хятад руу нийлүүлдэг газрын тосны гол тээвэрлэгчдийн нэг нь бид юм. Худалдааны дайн дэгдэхээс өмнө бидний бизнес сайн байсан хэдий ч одоогоор бүрэн зогсоод байна” гэж тэрбээр хэлсэн байна.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, газрын тосны нийлүүлэлт өнгөрсөн 9 дүгээр сард зогсжээ. Өнгөрсөн 7 дугаар сард АНУ-ын Хятад руу нийлүүлсэн газрын тосны хэмжээ 10,5 сая торх байсан бол 8 дугаар сард 9,7 сая байжээ. Харин 9 дүгээр сард 0,6 сая торх газрын тос нийлүүлсэн байна.

Хятад улсаас АНУ-руу оруулж буй 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулах шийдвэр 9 дүгээр сарын 24-нд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Цагаан ордны мэдэгдсэнээр, ирэх оны 1 дүгээр сараас татварын хэмжээ 25 хувь хүртэл нэмэгдэх билээ. Хятадын эрх баригчид хариу арга хэмжээ авч зүрхэлвэл хязгаарлалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх 3 дахь шатандаа орох бодолтой байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийлсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг