Өнөөдөр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгийн төрсөн өдөр тохиож байна. Коронавирусийн эсрэг тэмцэж буй цагаан нөмрөгтнүүдийн багийг ахалж амжилттай ажиллаж буй тэрбээр 30 гаруй жил салбартаа ажиллаж буй АНУ-ын Алабамагийн их сургуульд ДОХ-ын халдвар судлаачаар суралцсан ганц мэргэшсэн мэргэжилтэн юм.

ХӨСҮТ-ийн захирлаар 2007 онд анх томилогдсон түүхтэй. Түүнээс хойш сайдын халаа сэлгээний улмаас уг албан тушаалаас гурвантаа чөлөөлөгдсөн аж.   Тэрбээр энэ тухайгаа "Би гадагшаа, дотогшоо явж, өөр ажил, албан тушаал горилж байгаагүй. Эндээ үлдэж, ХДХВ/ДОХ-ын халдвар судлаачаар ажиллах нь надад илүү сонирхолтой. Мэргэжилдээ дурлана гэдэг өөрт ядаргаагүй, бусдад дарамтгүй байхыг л хэлдэг болов уу. Ажилдаа дуртай болохоор ядарлаа гэж нэг ч удаа ялархаж байгаагүй ээ. Хамт олныхоо ач, дэмээр би өдий зэрэгтэй өсөж дэвжсэн" хэмээн ярилцлагадаа дурдсан байдаг.

Тэрбээр аюулт вирус намжсаныхаа дараа Монголын сайхан орноороо хөндлөн гулд аялах хүслээ биелүүлэх мөрөөдөлтэй гэсэн шүү.