Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 2015 оноос жил бүрийн 11 сарыг “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийг зохион байгуулж буй. Энэ хүрээнд “Дахин сайн бод. Эмчээс зөвлөгөө ав” уриан дор тэмдэглэх болсон бөгөөд энэ талаараа хэлэлцүүлэг хийж байна.

ДЭМБ-ын тодорхойлсон “Чимээгүй цунами” гэгдсэн эмийн замбараагүй хэрэглээ 2030 он гэхэд одоогийнхоос хоёр дахин нэмэгдэх тооцоог Европын холбоо, АНУ-ын судалгааны байгууллагууд гаргажээ.

Монголд антибиотикийн замбараагүй хэрэглээг хянах судалгааг өнгөрсөн хоёр жилийн байдлаар гаргахад 70 хувь нь эмийн сангаас жоргүй эм авдаг болох нь батлагдсан байдаг.

Үүнийг зохицуулахаар МХГ-аас эмийн сангийн жор баригчдыг сургалтад хамруулж, ёс зүйн журамд гарын үсэг зуруулжээ. Гэсэн хэдий ч антибиотикийн хэрэглээг хангалттай хэмжээнд бууруулж чадахгүй байгаа учраас орчин үеийн технологийн шийдэл болох блокчейнийг ашиглахаар судлаж байгаа ажээ. Ингэснээр импортын эмийн тоо бүртгэл, жорын дагуу эмээ авсан иргэдийн бүртгэл хэзээ ч арилж устахааргүйгээр бичигдэнэ гэсэн үг юм. Энэхүү шинэ шийдэл нь эмийн замбараагүй хэрэглээг хумихаас гадна хуурамч эмийн хэрэглээг ч хязгаарлаж хянах шинэ боломжийг олгох ажээ.

Антибиотик нь зөвхөн өвчин үүсгэгч нянг устгаад зогсохгүй, хүний биед амьдардаг ашигтай нянгуудыг устгаснаар мөөгөнцөр, вирус гэх мэт бусад төрлийн бичил биетэн үржих боломжийг бүрдүүлдэг байна.Антибиотикыг заасан хугацааны турш гүйцэд хэрэглэхгүй өвчний зовиур арилмагц хэрэглэхээ боливол, эмчилгээ дутуу хийгдэж, өвчин үүсгэгч нян дасан зохицож, тухайн антибиотикт дасалтай болдог.