Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 12.142.000 хүн өвчилж, 550.000 хүн энджээ. Нийт 6.600.000 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан, 5.000.000 сая хүн эмнэлэгт эмчлэгдэж байна. 

Шинэ коронавируст халдвар тархаж эхэлсэн эхний гурван сарын хугацаанд 1.000.000 сая хүн өвчилсөн бол өнгөрсөн 6 дугаар сард 8-10 хоногт 1.000.000 сая хүн өвчилсөн. Харин одоо тав хоногт нэг сая хүн өвчилж, өвчлөл асар хурдтай тархаж байна. Одоогоор 6.900.000 хүн эдгэрсэн, 5.000.000 сая эмнэлэгт эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 200.000 хүн коронавирусээр өвчилсөн байна. Энэ нь өмнөх өдрөөс өвчлөл 7.000 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Мөн цар тахал гарснаас хойш хоногт хамгийн олон хүн өвчилсөн тохиолдол болж байна.

Иймд ДЭМБ-аас цар тахал оргил үедээ хүрээгүй учир анхаарлаа огтхон ч сулруулж болохгүй. Цар тахлын хүнд үе бидний өмнө байгааг санууллаа. 

24 цагийн дотор АНУ-д 50.000, Бразилид 44.000, Энэтхэгт 25.000 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Эдгээр нь өвчлөл өндөр буй эхний гурван орон юм. 

ОХУ-д сүүлийн 24 цагт нийт 6.562 хүн шинээр өвчилж, 173 хүн нас барсан байна. Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 36-70 тохиолдлоор нэмэгдсэн. Ялангуяа Тувад сүүлийн хоногт шинээр 70 хүн өвчилж, нийт өвчлөл 5.226 болсон. Буриадад шинээр 44 хүн өвчилж, нийт өвчлөл 3219 боллоо.

Манай улс өчигдөр тусгай үүргий нислэгээр БНСУ-аас 261 иргэнэ татаж авсан. Тэдний 3-ыг нь Цэргийн төв эмнэлэгт, бусдыг нь зочид буудалд байршуулан тусгаарласан. Ажиглалтад өчигдөр шинээр 289 хүн орж, 288 хүн ажиглалтаас гарсан. Одоо 2996 хүн ажиглалтад байна" хэмээлээ.