24 настай Халэй Мосс Флоридагийн их сургуулийн өмгөөлөгчийн шалгалтыг амжилттай өгч, хамгийн анхны аутизмтай эмэгтэй өмгөөлөгч боллоо. 

Тэрээр гурван настай байхдаа 100 ширхэгтэй эвлүүлдэг зургийг төвөггүй эвлүүлж, уншиж, ойлгож чаддаг байжээ. Түүнд юмсыг гайхалтай хурдан сурах онцгой чадвар байсан ч түүнийгээ үгээр илэрхийлж чадахгүй байгааг эцэг эх нь анзаарчээ. Улмаар эмчид хандтал түүнийг аутизмтай болохыг хэлсэн байна. 

Оношлуулснаас нэг жилийн дараа Халэй Мосс ярьж эхэлсэн бөгөөд түүнийг бага сургуулийн бэлтгэл ангид оруулжээ. 

Халэй Мосс 15 настайдаа “Дунд сургуульд байхад чамд хэн ч хэлэхгүй зүйлс: Зүрхний дутагдалтай өсвөр насны охин анхны туршлагаа хуваалцсан нь” хэмээх анхны номоо бичжээ. Тэрээр сүүлийн 10 гаруй жилийг ном бичиж, ярианы сургалтын ахлагч болж, урлагийн бүтээл туурвиж, зураг зурж өнгөрөөсөн байна. 

24 настай Халэй  Мосс “CBS” агентлагт өгсөн ярилцлагадаа “Би 13 настайдаа анх удаа индэр дээрээс өөрийн түүхээ бусдад хуваалцсан. Би хүмүүстэй ярилцаж, тэдэнтэй түүхээ хуваалцах дуртай“ гэжээ.

 Тэрээр Флоридагийн Их Сургуулийг төгссөнийхөө дараа Миамигийн Хуулийн Их Сургуульд элсэн оржээ. Энэ талаар Халэй  Мосс “Би хуулийн их сургуульд суралцахыг хүссэн. Учир нь би хүмүүст нөлөөлж, тэдэнд өөрчлөлт авчрахыг хүсдэг. Өмгөөлөгч хүн тухайн нийгэмдээ нөлөөлж чаддаг” хэмээн ярьжээ.  Тэрээр өнгөрөгч оны тавдугаар сард сургуулиа төгссөн бөгөөд өмгөөлөгчийн шалгалтаа өгөхөөс нь өмнө түүнийг ажилд авах санал  ирсэн байна.

Тэрээр мэргэжлийнхээ дагуу олон улсын хэмжээний асуудалд болон эрүүл мэнд рүү чиглэн ажиллахыг хүсдэг аж. Мөн хүмүүсийг зорьсон амжилтад нь хүрэхэд тусалж, боломжгүй зүйл гэж байдаггүйг харуулахыг хүсдэг бөгөөд хүмүүсийн амьдралд эерэгээр нөлөөлж, тэднийг дэмжиж чадвал түүний хүсэл биелнэ гэж боддог аж.