Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээний Истанбулын авлигын эсрэг арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын авлигын орчинд судалгаа хийж, тайлан, зөвлөмж гаргасан байна.

Энэ удаагийн тайлангаар авлигын эсрэг бодлого, авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтээс гадна улс төрийн намын санхүүжилтийн асуудалд илүү анхаарал хандуулжээ.

Монгол Улсын хувьд 2013 онд Авлигын эсрэг сүлжээнд элсэн орсноос хойш Истанбулын Авлигын эсрэг арга хэмжээний төлөвлөгөөний хяналт, үнэлгээнд хамрагдаж эхэлсэн юм.

Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийхэээс гадна  өмнө нь өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд үнэлгээ, дүгнэлт өгсөн байна. 

Энэ талаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээний Ажлын албаны зөвлөх Андрей Кухарук “Бид өмнөх 2015 оны хяналт, шинжилгээгээр өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан. 

Хэрэгжилт тааруу үнэлэгдсэн. 19 зөвлөмж өгснөөс 5 нь хэрэгжээгүй, 12 зөвлөмжийг хэсэгчлэн хэрэгжүүлсэн, зөвхөн 1 зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлсэн дүнтэй байна. Энэ 4 дэх удаагийн хяналтаар 29 зөвлөмж өгч байгаа, 27 нь шинэ, 2 нь өмнөх хяналт шинжилгээний зөвлөмж юм. Энэ чиглэлээр олигтой ажил хийгдээгүй учраас дахин зөвлөмжөө өгч байна.

Авлигын эсрэг бодлогын хувьд Авлигтай тэмцэх үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсаныг сайшааж байна. Ийм баримт бичиг батална гэдэг нь авлигатай тэмцэх улс төрийн эр зориг байна гэсэн үг. Мөн төрийн үйлчилгээг ил тод цахим хэлбэрт оруулах тал дээр Авлигатай тэмцэх газар санаачилагатай ажиллаж байгаа нь сайшаалтай. Нөгөө талаас хүндрэл байна. Тухайлбал, судалгааны ажлууд өргөн хүрээнд хийгдэж байгаа ч бодитойгоор ашиглагдахгүй байна.

Авлигатай тэмцэх газрын ажлын үр дүн сайжирч байгаа ч тус газрын өдөр тутмын үйл ажиллагаанд янз бүрийн бэрхшээл тулгарч байгааг цохон тэмдэглэхээс аргагүй байна. Тухайлбал, нөлөө бүхий бүлэглэл, хүчнүүдээс үүдэлтэй улс төрийн дарамт шахалт, төрийн байгууллагуудын зүгээс тус байгууллагад шаардлагатай дэмжлэг үзүүлэхгүй байна” хэмээв.

Тус тайланг танилцуулсныг дүрс бичлэгээр хүргэж байна.


Эх сурвалж: АТГ