Хэнтий аймгийн Батноров сум нь Их Эзэн Чингис хааны үнэнч анд жанжин Боорчийн өлгий нутаг гэгддэг. Энэхүү нутагт "Андлалын өргөө” цогцолборын ажлыг хоёр жилийн өмнө барьж саяхан ашиглалтад ороод буй. Хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй уг төслийг санаачлагч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ юм.  Энэхүү цогцолбор нь 18 метр өндөртэй, Чингис хаан, Боорчи нарын дүрслэл бүхий хөшөө хэлбэртэй байх бөгөөд газар газрын сайн эрс андын тангараг өргөж байх утга учир бүхий байгууламж юм. Эзэн Чингис хааны нутаг гэгддэг ч зориод очихоор гадны дотныхонд үзүүлчих зүйл ховортой тул бүтээн байгуулалтын ажил өрнүүлсэн нь олзуурхууштай. Угаасаа ч түүхэн аялал жуулчлалын цогцолборуудын эдийн засгийн үр өгөөж өндөр байдгийг гадны жишээнээс харж болно. 

Гэхдээ тал дээр торойж үлдсэн ганц өнчин цагаан ботго шиг бүтээн байгуулалтаас ичмээр.

Түүхэн аялал жуулчлалын бүтээн байгуулалт цогцолбор хэлбэрээр өрнөдөг. Хамгийн ойрхон жишээ нь Өвөрмонголын Ордос хот дахь Чингисийн онгон цогцолбор юм.  Таван га гаруй газрыг хамарсан энэхүү цогцолборт очсон хүн Монголын түүх соёлыг харуулсан хөшөө цогцолбор, музей, гэр ордон гээд сатаарах зүйл дэндүү олонтой. Үүнээс гадна тэрхүү цогцолборт нь эзэн Чингис хааны тахилгын онгон байгуулсан, зан үйлийн танхимтай. Мэдээж дэд бүтцийн асуудал нь бүрэн шийдэгдсэн байдаг. Тиймээс ч дэлхий дээрх хамгийн том аялал жуулчлалын цогцолбор газар гэгддэг.  Харин "Андлалын өргөө" мэт байгууламжийн талаар иргэд ам муутай байна.  Энэ жил Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хүрээнд 2020-2024 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын 19 төслийг улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн хүрээнд санхүүжүүлэх юм билээ. Энэ мэт бүтээн байгуулалтыг өрнүүлэх юм бол Монголд түүхэн аялал жуулчлал хөгжинө гэж саналтгүй нь ээ.

"Андлалын өргөө" байгууламжийн талаар твитер хуудаснаа ийнхүү бичжээ.