Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр АН-ын дарга С.Эрдэнэ "Нийгэм, улс төр, эдийн засагт үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнгөрсөн бямба гарагт хуралдсан. Тус хурлаар МАН-ын эрх барьж буй өнгөрсөн 3 жилийн хугацаанд юу болсон талаар ярилцсан. Ингэснээр улс төрийн зөвлөлийн шийдвэр гаргасан. 

Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын бүлэг сөрөг хүчний үүргээ гүйцэтсэн. Гэхдээ бид эв нэгдэл, төрийн тогтвортой байдал, улс орны амгалан тайван байдлыг нэгдүгээрт тавьдаг. Улс орны хөгжлийн бодлого, зөв чиг хандлагад суурилсан зарчмыг барьж ажилласан. 

Эрх баригчид өөрсдийнхөө алдаанд Ардчилсан намыг хавчуулах гэж байнга оролддог, манай намыг чирч улс төр хийхийг эрхэмлэдэг. Гэхдээ бид аливаа асуудалд хүлээцтэй, бодит байдалд дүн шинжилгээ хийж, ухаалаг хандахыг хичээж ажилласан. 

Тэгэхээр бид өнөөдөр Улс төрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг биелүүлж ажиллах чиглэлийг УИХ дахь АН-ын бүлэгт хүргүүлсэн. АН-ын бүлэг тус шийдвэрийг санал нэгтэйгээр хүлээж авсан" хэмээлээ.

Өнгөрсөн бямба гарагт хуралдсан АН-ын Улс төрийн зөвлөл дараах мэдэгдлийг гаргажээ.

МЭДЭГДЭЛ

"2016 оны УИХ-ын сонгуулиар 65 суудал авсан МАН нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд сонгуулийн амлалт болон мөрийн хөтөлбөрөө ор тас умартан, төр удирдах чадваргүй болохоо хангалттай харууллаа. Төрийн бүхий л шатны албан тушаалыг 60 тэрбумын гэх сүлжээгээр арилжаалж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан гэх мэт иргэдэд шууд очих ёстой боломжийг хулгайлан, зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн. МАН-ын бизнес улс төрийн зөрчилдөөн нь Монголын төрийг бүхэлд нь мухардалд орууллаа. 

УИХ нь гишүүн дутуу, Засгийн газар нь бүрэлдэхүүн дутуу, Улаанбаатар хот нь удирдлагагүй, нийт 20 аймгийн иргэдийн төлөөлөгч хуваагдмал байдалтай байна. УИХ дахь МАН-ын гишүүдийн үйлдсэн авлига, хулгай, хүний амь гэх мэт эрүүгийн хэргүүд нь эрх баригчдын нүүр царайг харуулсан төдийгүй, УИХ-ын үйл ажиллагааг бүрэн зогсоож, сонгогчдын төрд итгэх итгэлийг хөсөрдүүллээ.

Ардчилсан нам нь үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийн, мухардлаас гарах гарцыг УИХ-ын ээлжит бус сонгууль яаралтай зарлан явуулж, нийт ард түмнээр эрх баригчдын үйл ажиллагааг зайлшгүй дүгнүүлэх шаардлагатай гэж үзэж байна" хэмээсэн улс төрийн мэдэгдэл гаргасан байна.