УИХ-ын сонгуулийн дүнтэй холбоотой асууудлаар Ардчилсан намын залуус өнөөдөр мэдээлэл хийж, АН-ын дотоод ардчиллыг хангуулах Түр хороог байгуулснаа мэдэгдлээ.

Мэдээллийнхээ үеэр тэд "Олон нийтийн итгэлийг алдсан хариуцлагагүй үйл явдал боллоо. АН-ын гишүүд бид энэ байдлыг хараад зүгээр суух эрхгүй болжээ. Намыг ялагдалд хүргэсэн одоогийн удирдлага дүрмийн дагуу хариуцлага хүлээж, шинэчилсэн зохион байгуулалтыг шуурхай хийж чадах эсэх, дотоод ардчиллыг гишүүдийн оролцоотой хангаж чадах эсэх нь эргэлзээтэй юм. Иймд цаашдын өрнөлд хяналт тавих, шинэчлэлийг сууриар нь зөв зохион байгуулах нь намын төдийгүй монголын ардчилалд чухал ач холбогдолтой гэж бид үзэж, АН-ын дотоод ардчиллыг хангуулах Түр хороог байгуулснаа зарлаж байна. 

Түр хороо дараах ажлыг хийнэ.

1. АН-ын үндсэн дүрэмд заасны дагуу АН-ын дарга, дэд дарга нар, Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг 2020 оны зургаадугаар сарын 24-ны орой огцорсныг ажлын 5 хоногт багтаан хэрэгжүүлэх ажлыг АН-ын Үндсэн дүрмийн хороо хийж чадах эсэхийг хянах

2. Намын Үндэсний бодлогын хорооны хурлыг 15 хоногийн дотор хуралдуулахыг шаардах, хяналт тавих

3. АН-ын дүрмийн хэрэгжилт, дотоод ажлыг хангуулахтай холбоотой бусад асуудлыг зохион байгуулна. Түр хорооны зохицуулагчдыг АН-ын Үндэсний бодлогын хорооны 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав" хэмээлээ.

Мөн тэд "АН-ын үндсэн дүрэмд заасны дагуу сонгуулийн дүнгээр АН ялалт байгуулаагүй тохиолдолд удирдлагууд нь шууд тэр оройдоо огцордог дүрэмтэй. Энэ ажлыг 5 хоногийн дотор баталгаажуулах ёстой. Үүнд бид хяналт тавьж ажиллана" гэв.