Ардчилсан намын гишүүд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэд мэдээллийнхээ үеэр "Бид 2019 оны 3 дугаар сарын 14-нд АН-ынхаа бүх гишүүнд хандаж уриалга гаргасан. Энэ уриалгын товч утга нь сүүлийн үед болж буй улс төрийн үйл явдлаас болж манай Ардчилсан намын удирдлагаас буруу бодлого явуулсны үндсэн дээр АН бүлэггүй болсон. 9 гишүүнтэй АН-ын бүлэг тарж, 7 гишүүнтэй зөвлөл болсон. Мөн ЖДҮ, Эрдэнэтийн 49 хувь, 50 тэрбум зэрэг асуудалд сөрөг хүчнийхээ хувьд МАН-тай хатуу тэмцээгүйгээс болж АН-ын рейтинг унасан. Тиймээс бид уриалга гаргасан. 

Бид өмнө нь АН-ын удирдлагад байгаа С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар 60 тэрбумын бүлэглэл, Эрдэнэтийн 49 хувийн хулгай луйврыг хамгаалж, оролцсон тухай мэдээлсэн. Сүүлийн өдрүүдэд нийгэмд дахиад шударга ёсны төлөөх тэмцэл явагдаж байгаа. Хууль, шүүхийн байгууллага, прокурор, АТГ-ууд тодорхой улстөрчдийн заавраар хөдөлдөг, тэдний удирдлагыг тодорхой улстөрчид нөлөөллөөрөө томилсон зэрэг асуудал ил болсон. Дээрээс нь прокурор, шүүхийн байгууллагад томилсон цөөн хэдэн хүнээрээ дамжуулж улстөрчид шударга бусын хонгилыг байгуулсан. Тус хонгилд жирийн иргэдэд зохиомол хэрэг үүсгэж, дарамталдаг, эрүүдэн шүүдэг нь ч ил болсон. 

Ингээд бохирдсон удирдлагад хариуцлага тооцъё, огцруулъя гэхээр одоо АН-ын удирдлагад байгаа хүмүүс гарч ирж өмөөрдөг. Өчигдрийн жишээг хэлэхэд АН-ын удирдлага С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат тус хуулийг чуулганаар хэлэлцье гэхээр улаан цайм "бойкот" үүсгэж, ээлж дараагаар мэдээлэл хийлээ. Мөн яарч, сандарч шөнөөр Онц их хурал зарласан.

Ирэх 4 дүгээр сарын 4-нд АН-ын Онц их хурал болно. Гэхдээ тус хурлаар АН-ын олон мянган гишүүний итгэл үнэмшил, АН-ын нэрийг барьж өөрсдийн булхайг өмөөрөх гэж буй бол тийм зүйл байхгүй гэдгийг жирийн гишүүний хувьд бид мэдэгдэж байна.

Хууль, шүүхийн байгууллагыг цэвэрлье гэхээр АН-ын удирдлагууд сандарч, гарч ирж мэдэгдэл хийж буй үйлдэл нь энэ хүмүүс бохирдсон гэдгийг нотлож байна" хэмээлээ.

Тэдний мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.