АН-ын дарга С.Эрдэнэ өнгөрсөн 4 дүгээр сарын 22-нд УИХ-ын гишүүн Д.Муратын сонгуульд нэр дэвших эрхийг сэргээх тухай тушаал гаргажээ.

Тус тушаалд:

"Д.Муратад 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ардчилсан намын даргын тушаалаар Ардчилсан намаас төрийн сонгуульд нэр дэвших эрхийг 4 хүртэл жилийн хугацаатай хасах сахилгын шийтгэл ногдуулсныг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс хүчингүй болсонд тооцсугай. Намын гишүүний цахим бүртгэлийн сан дахь мэдээлэлд Д.Муратыг АН-аас төрийн сонгуульд нэр дэвших эрхтэй гишүүнээр өөрчлөн бүртгэсүгэй" гэжээ.

АН-ын даргын тушаалыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Мөн энэ оны 5 дугаар сарын 10-нд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Мурат, М.Елузаг нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, хохирогч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэлэлцэж, Д.Мурат, М.Елузаг нарыг цагаатгах шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос Д.Муратад 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, М.Елузагт мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Мурат, М.Елузаг нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байдаг. Уг шийдвэрийг Улсын Дээд шүүх хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн юм.