Алдарт эхийн одонтой 2500 гаруй ээж нэгдэн "Ээжүүдийн бослого-Оюуны хувьсгал"-ыг эхлүүлэхээр болсон талаар өнөөдөр Монгол өв ухаан судлаач А.Мягмарсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийнхээ үеэр "Ээжүүд бид хүүхдээ хүмүүжүүлж, хүн болгох гэж зорьж зүтгэсэн ч нийгэмд гараад явахаараа нөгөө хүүхдүүд маань хэн ч биш болж байна. Сургууль, цэцэрлэг зэрэг хаана ч байсан хараалын үг, болохгүй бүтэхгүй зүйлс нүүрлэсэн байна. Нийгэмд манлайлал, зөв гээд үлгэр жишээ авчихаар зүйл байхгүй ийм хэцүү цаг үе иржээ. Тиймээс ээжүүд бид бослого гаргаж байна. Бид зэвсэг барьж биш, оюун ухаанаараа манлайлж түүхэн үүрэг гүйцэтгэнэ. Ээжүүдийн бослогод 4-10 хүүхэдтэй 2500 гаруй ээж нэгдсэн. Мөн бидний "Жавхаалаг бүсгүйчүүд"  фэйсбүүкийн группт 100 мянга гаруй ээж нэгдээд буй юм. 

Бид хүүхдээ яаж зөв хүн болгож хүмүүжүүлэх вэ, хэрхэн Монгол хүн болгох вэ, өөрсдөө зөв байх зэрэг сургалтуудыг эртнээс хийж эхэлсэн. Ингэж ээжүүд хичээсэн ч нийгмийн болохгүй, бүтэхгүй зүйл бүр үр хүүхдүүдэд маань сөргөөр нөлөөлж байна. Манай улсын боловсролын систем гадаадын системийг шууд хуулчихсан. Тэнд Монгол хүүхдийг Монгол хүн болгон хүмүүжүүлэх, сургах зүйл байхгүй. 

Багш нар есдүгээр сарын 1-нд ажил хаяна гэсэн. Бид түүнийг эсэргүүцэж байна. Яагаад гэхээр бид хүүхдээ хүмүүжүүлж зөв хүн болгохоор сургууль руу явуулдаг ч янз бүрийн хараалын үг хэллэг, бусад болохгүй зүйлийг сураад ирдэг. Боловсролын байгууллага болон багш нар үнэхээр хүүхдийн төлөө ажилладаг бол бид өөрсдийн халааснаас ч мөнгө гаргаад цалинд нь нэмэрлэхэд бэлэн. 

Тэгэхээр их дээд сургуулийн оюутнууд, багш нар, эцэг эхчүүд бүгд доод шатны дүү нар, хүүхдүүд, ажилчид, сурагчиддаа үлгэр дууриалал үзүүлэхийг бид уриалж байна. Бидний өвөг дээдэс энэ их газар нутаг, ген, монгол хүний яс, цусыг бидэнд өвлүүлэн үлдээсэн. Гэвч өнөөдөр бид хэн ч биш, сэтгэл оюун нь хүн биш болчихоод сууж байна. Үнэхээр харамсалтай. Бид бусдыг байнга шүүмжилдэг. Гэтэл өөрчлөлтийг яагаад өөрсдөө эхлүүлж болохгүй гэж. Бид, бидний хүүхдүүд гэрээс гараад л явахаараа нийгэмд алхам тутамд оюун санаагаараа хэлмэгддэг. Энэ хэлмэгдэл нь стресс, өвчин зовлон болж ард түмэнд нүүрлэж буй юм. Үүний үр дүнд дайн байлдаантай орнуудаас илүү олон монгол хүн өвчинөөр нас барж байна. Энэ нь мэдээлэл, сэтгэлзүйн дайн Монгол Улсад нүүрлэснийг илтгэж байна.

Шашны мухар сүсэг, оюуны хоосролд бид өртчихсөн. Хэлмэгдэл дайны талбарт амьдарч байна. Энэ бүгдийг засахаар бид нэгдэж буй юм.

Үр хүүхдээ хүн шиг хүн болгон өсгөж хүмүүжүүлээч, сургууль цэцэрлэгийн орчиноо бүрдүүлж өгөөч, хүн болгон  нийгмийн зөв сайханд анхаараач гэж уриалж байна.

9 дүгээр сарын 9-ны өдөр 81 ээж мухар сүсгээр биш, сүүн цацлаар үр хүүхэддээ сайн сайхныг хүсэх арга хэмжээг зохион байгуулна.

Бид оюуны хувьсгалыг уриа лоозон барьж хийхгүй. Үр хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлэхийг нийгэм даяар уриална" хэмээн ярилаа.