"Сократус Старт-ап Студио" нь гарааны бизнесийг бойжуулах, хурдасгуур хөтөлбөртөө элсүүлэх ээлжит сонгон шалгаруулалт “Socratus PITCH DAY 4” арга хэмжээг 2 дугаар сарын 27, 28-ны өдөр зохион байгуулна. Тус компанийн хэрэгжүүлдэг хөтөлбөрийн талаар "Сократус Студио" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Мөнхцогтой ярилцлаа.


-Өнгөрсөн жилийн хугацаанд 3 удаагийн сонгон шалгаруулалтаар 120 гаруй бизнес санаа танай шалгаруулалтад хамрагдсан. Эдгээрээс 5 гарааны бизнест 1 тэрбум гаруй төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Ямар бизнесүүд хөтөлбөрт хамрагдсан байдаг вэ?

-Хиймэл оюун ухаанд суурилсан бизнесийн туслах чатботоо бизнесийн байгууллагууд угсраад авах боломжтой платформ хөгжүүлэгч компани байна. Тэдний үйлчилгээг манай томоохон банкууд, даатгалын компаниуд аль хэдийн хэрэглээд эхэлчихсэн. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан төлбөр, захиалга хүлээн авах, хүргэлтийг шийдэх модулиудыг хөгжүүлээд явж байна. 2. Янзтай брэндийн ясны шөлний үйлдвэрлэл байна. Монгол бэлчээрийн малын ясанд агуулагддаг эрдэс, амин хүчлүүд гэдэг бол үнэт баялаг юм байна лээ. Тус компани бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх судалгаа хөгжүүлэлтийн шатандаа ажиллаж байна. 3. Melearn.mn гээд онлайн сургалтын платформ хөгжүүлэгч старт-ап бий. Тэдний хичээлийн агуулга нь цэгцтэй сэтгэлгээний алгоритмд суурилсан цэгцтэй, системтэй мэдлэгийг олгоход чиглэснээрээ онцлог юм. 4.Түрээсийн орон сууцны хэв маягийг өөрчилсөн, дижитал шийдэл бүхий түрээсийн үйлчилгээг эхлүүлэх нэг бизнес санаа манай iStep-Up хөтөлбөрт хамрагдсан. 


-Танайх бас гадаадын старт-апуудтай хамтран ажиллаж байгаа гэсэн?

-Тийм. Буриад улсын Улаан-Үд хотод үйл ажиллагаагаа эхлүүлсэн, цаашлаад Оросын холбооны улсад үйл ажиллагаагаа тэлэх зорилготой гоо сайхны үйлчилгээний чиглэлийн старт-ап байгаа. Мөн Киргиз улсад махны гүн боловсруулалтын чиглэлийн төсөлтэй хамтран ажиллахаар хэлэлцээрийн шатанд явж байна. Өнөөдөр гэхэд л Украйнд үйл ажиллагаа явуулж байгаа старт-апууд ирж мэдээлэл аваад төслөө танилцуулахаар тохиролцлоо.


-Хөтөлбөрүүдийн онцлогийг танилцуулбал?

-Энд нэг зүйлийг эхлээд хэлчихье. Бид хөрөнгө оруулна хамтран ажиллан гэхээр тухайн бизнесээс хувьцаа эзэмшдэг. Зээл олгодоггүй. Хөрөнгө оруулж байна гэдэг утгаараа тухайн бизнесийн эрсдэлийг нь хамт үүрэлцэж байна гэж ойлгох хэрэгтэй. Одоогоор манайх 2 хөтөлбөр хэрэгжүүлж байна.


Эхнийх  нь Socratus bizStep-Up хөтөлбөр. Таны бий болгосон гарааны бизнест бид өөрсдөдөө байгаа мөнгөний, мэдлэгийн болон цагийн нөөцөөрөө хөрөнгө оруулж хамтран үнэ цэнийг бүтээе гэсэн концепц юм. Дараагийнх нь Socratus iStep-Up хөтөлбөр. Бид бизнес хийх гээд байна, тодорхой хэмжээний нөөцийг бэлдчихлээ, та зөвхөн бизнес санаагаа авч ирээд бидэнтэй хамтраад тэрхүү нөөцийг ашиглаад үнэ цэнийг бүтээе гэсэн концепц юм. Санаа тээчихсэн яваа өөрийн бизнесийг эхлүүлэх зорилготой хэн нэгний хувьд өөр хаана ч байхгүй хөтөлбөр шүү.


-Хөрөнгө оруулалт татахаар санал тавих үед хөрөнгө оруулагчид бизнесийнх нь хяналтын багцыг эзэмших сонирхолтой байдаг гэж миний өмнө уулзсан бизнес эрхлэгчдээс цөөнгүй нь ярьж байсан л даа. Танайх хөтөлбөрт хамрагдсан гарааны бизнесээс хэдэн хувийг нь эзэмшдэг вэ?

-bizStep-Up хөтөлбөрийн хувьд бид гарааны бизнесийн хяналтын багцыг эзэмшихгүй байх зарчимтай. Бид тухайн гарааны бизнест ямар үнэ цэнийг бий болгож чадаж байгаагаас хамаарч хувь хэмжээ яригддаг. Нөгөө хөтөлбөрийн хувьд бизнес санаачлагч хамтран эхлүүлж байгаа бизнестээ ямар үнэ цэнийг бий болгож байгаагаас хамаарч хувь нь өсдөг. 

Бид гарааны бизнест оруулж байгаа мөнгөн хөрөнгө оруулалтаа тухайн бизнест оруулсан том үнэ цэнэд тооцдоггүй. Бизнест санхүүжилтийг босгох олон хувилбар байгаа үүний нэг нь л хөрөнгө оруулалт шүү дээ. 

Гарааны бизнесийн хөрөнгө оруулалт татах үе шатууд байдаг. Angel, seed, series A, B, Cround гээд. Бид бол angel, seed түвшний хөрөнгө оруулалтыг хийдэг ба дараагийн шатны хөрөнгө оруулалттай холбож, босгоход нь туслах үүрэгтэй. Series A, B, C хөрөнгө оруулалтыг мэргэжлийн хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалтын сангууд хийдэг. Амархан ажил биш. Манайд хандаж байгаа гарааны бизнесүүд, бизнес эрхлэгч нарт ажиглагдаж байгаа нэг алдаа байна. Тэр нь хөрөнгө оруулалтуудын үе шатаа ялгахгүй байна. Надад ийм санаа байна, ийм загвар, шийдэл гаргачихлаа хэдэн зуун сая төгрөг, хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчих гэж ханддаг. Тэр хэдэн зуун сая, хэдэн тэрбумыг чинь дээр хэлсэн мэргэжлийн нөхдүүд хийдэг. Тэд түүхий бизнест хөрөнгө оруулдаггүй. Тэдэнд хүрэх замыг хамт бий болгох нь Сократусын гол зорилго юм. Эхлээд хоёулаа бизнесийн систем болчихъё, дараа нь нөхдүүд дээр очно.


-Гарааны бизнес эрхлэгчид ажлаа хаанаас эхлэх хэрэгтэй вэ?

-Төслөө хэрэгжүүлэхэд, бизнесээ амжилтад хүргэхэд танд ямар саад, бэрхшээл, асуудал тулгарч байна вэ гэж өөрөөсөө асуу. Хариулт нь зөвхөн хөрөнгө оруулалт, мөнгө гэж гарч байвал бид танд хэрэггүй. Энэ асуултад хариулахын тулд эхлээд саад, бэрхшээл, асуудал гэсэн ойлголтуудаа танин мэдэх хэрэгтэй болно. Энэ алхмыг хийгээгүйгээс бид саад бэрхшээл асуудлыг нэг хайрцагт хийчихдэг. Эдгээр чинь тус тусдаа ойлголт байхгүй юу. 

Ойлголтуудаа танин мэдсэнээр таны хариулт оновчтой байна. Оновчтой тодорхойлсноор таны шийдэл оновчтой гарна. Шийдвэр оновчтой байвал байндаа оновчтой тусна даа. Энгийн л логик байгаа биз. Бизнесийн стратеги гэж ярьдаг даа тэр чинь энгийнээр бол ердөө л ирээдүйд учирч болзошгүй саад, бэрхшээл, асуудлаа оновчтой тодорхойлж, даван туулах арга замаа боловсруулахыг л хэлээд байна л даа. Үүнийг хийхэд цэгцтэй сэтгэлгээ, системтэйгээр нэгтгэн дүгнэх чадвар хэрэг болно. Сонирхолтой нэг зүйлийг хэлье. Хүний мэдлэг олж авах явцыг цаг хугацааны хувьд загварчилсан загварууд олон бий. Үүний нэг нь Даннинг Крюгерийн Эффект буюу хүн шинэ зүйлийн талаар анхлан бага зэрэг судалсныхаа дараа бүгдийн мэддэг мэт цэцэрхэж эхэлдэг байна. Харин гүнзгийрүүлэн судалж эхэлснээр юу ч мэддэггүй гэдгээ мэдэж эхэлдэг байна. Улам гүнзгийрүүлэн судлах үедээ харин системтэйгээр нэгтгэн дүгнэх чадвартай болж эхэлдэг байна. Системийн шийдэлд суурилсан хөтөлбөрийн бас нэг давуу тал нь асуудлын шалтгааныг олох, асуудалд системтэйгээр хандах арга техникт суралцах явдал юм. Технологийн бүүмийн үед асуудалд шууд шийдлүүдийг санал болгож байжээ. Үүний үр дүнд маш олон салангид шийдлүүд бий болсон байна. Одоо харин системтэйгээр цогцоор нь харах шаардлага бий болсныг барууныхан хүлээн зөвшөөрч эхлээд байна.


-Та дээр дурдсан даа, асуудал чинь мөнгө бол бид танд хэрэггүй гэж, тэгвэл танай хөтөлбөрт хамрагдсанаар ямар давуу талыг бий болгох вэ? 

-Хөтөлбөр 2 хүртэл жилийн хугацаанд хэрэгждэг. Хөтөлбөрийн эхний жилд гарааны бизнесүүд “Системийн стратегийн суурь тогтолцоог суурилуулан бэхжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ төгөлдөржүүлэх, ажилчдынхаа мэдлэг ур чадварыг хөгжүүлэх замаар компанийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ” гэсэн зорилгын дор ажилладаг бол 2 дахь жилдээ “Системийн гүнзгийрүүлсэн тогтолцоог суурилуулан бэхжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ төгөлдөржүүлэх, органик өсөлтийг бий болгох замаар компанийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ” гэсэн зорилгыг хэрэгжүүлдэг. Эдгээр зорилгыг хэрэгжүүлэхдээ бизнесийн системийг бий болгох алгоритмын дагуу ажилладаг. Бид гарааны бизнесүүдэд нэг амлалтыг өгч чадна. Тэр маань хөтөлбөрт хамрагдсанаар тухайн бизнес өөрийгөө төлөвлөж чаддаг, төлөвлөлтөө хэрэгжүүлэх буюу зайлшгүй гүйцэтгэх үүргүүдэд хуваарилж чаддаг, үүргээ хэмжиж чаддаг, үр дүнгээ хэмжиж чаддаг, мониторингоо хийж чаддаг, гол нь өөрийгөө оношилж чаддаг болно. Оношилгоо гэдэг бол системийн хамгийн том дархлаа. Мэдээж бизнес бүр л төлөвлөдөг хэмждэг, үнэлдэг дүгнэдэг гэж магадгүй л дээ. Тийм, гэхдээ бидний давуу тал нь энэ бүгдийг хооронд нь хатуу логикоор уялдуулсан шийдлүүдийг бий болгосонд байгаа юм. Манайхан асуудал үүсэхээр би, чи гээд л эцэс төгсгөлгүй маргалдаг даа. Аягүй бол танай ажил дээр ч ийм тохиолдол гардаг байх. Системийн шийдэлд ийм маргаан гардаггүй, асуудлыг үүсгэсэн шалтгааныг эрэлхийлээд явчихдаг, системд шийдэл нь дутуу байна уу гээд л, системд шийдэл дутуу бол дахин ийм доголдол гарахгүй байх шийдлийг нь угсардаг. Бүх хэмжүүрийг тоогоор илэрхийлдэг шийдлийг бий болгосон. Хүн төрөлхтний нийтээр хэрэглэдэг Америк нь байна уу, Индиан нь байна уу, Африк нь байна уу үл харгалзан нэг л утгаар ойлгож чадах хэл бол тооны хэл. Иймээс үр дүнгээ тоогоор илэрхийлчхээр маргах газаргүй болж байгаа юм. 

-Эдгээрийг хэрэгжүүлснээр бизнесийн систем боллоо гэж үзэж болох уу?

-Тийм. Систем гэдэг бол зорилгыг хэрэгжүүлэхэд оролцдог элементүүдийн хооронд явагддаг, синэргистик хэв шинжийг тодорхой хугацаанд тогтвортой бүрдүүлдэг харилцан уялдаатай үйлчлэлүүдийн логик цогц оюуны дүрслэл буюу энгийнээр систем бол харилцан уялдаатай элементүүдийн нэгдэл юм. Танай байгууллага систем болж уу үгүй юу гэдгийг дор нь шалгаж болно. Тангүйгээр таны бизнес ажиллаж чадаж байгаа эсэхийг л шалга. Хэрэв тангүйгээр ажиллаж байвал систем угсрагдаж байна гэж ойлгож болно. Систем бий болоход суурь таван дэд тогтолцоо бүрдэх хэрэгтэй. Үүргийн тогтолцоо буюу зайлшгүй биелүүлэх үүргүүдээс бүрдэх, Зорилгын тогтолцоо буюу нэгдмэл зорилгын хэв шинжийг хангасан үзэл баримтлал бий болох, Хэмжүүр үзүүлэлтийн тогтолцоо буюу үүрэг, үр дүнгийн биелэлтийг нэг утгаар ойлгох хэмжүүрээр хэмжих, Эргэх холбооны тогтолцоо буюу үр дүндээ шинжилгээ оношилгоо хийж, өөрийгөө сайжруулах, хэвийн үйл ажиллагаагаа хангах, мэдээллийн урсгалын тогтолцоо буюу байгууллагын доторх мэдээлэл хүртээмжтэй, шуурхай түгээгдэх, мэдээлэл нь нотлогдох бодит фактаар илэрхийлэгдэг байх юм.     


-Сүүлийн үед гарааны бизнесийн экосистем гэж ярьдаг болж манайд хэр бүрэлдэж байгаа вэ?

-Америкт старт-апуудыг гражнаас бизнесээ эхлээд одоогийн энэ том том компаниуд болсон тухай түүхийг бид мэднэ. Тэдэнд биднээс хол тасарчихсан тусдаа тархи, сэтгэлгээ байгаагүй. Тэнд ердөө старт-ап бизнесийг дэмжих экосистем л бүрдсэн байгаа нь давуу тал гэж би хардаг. Манай старт-ап бизнес эхлүүлж байгаа залуусын хувьд гадныхнаас мэдээллийн зөрүүгүй болсон. Тэднийг дэмжих старт-апын экосистем л хэрэгтэй байна. Бид экосистемийг бүрдүүлэх гээд ажиллаж байна. Гарааны, эхлэлийн хөрөнгө оруулалт санхүүжилтийг нь шийдэж байна. Бизнест тулгардаг асуудлуудыг шийдэх системийн инженерчлэлийг суурилуулж байна. Мөн менторшип хөтөлбөрөөр дамжуулан ур чадварыг хөгжүүлэх сургалтуудыг эхлүүлж байна. Бусад мэргэжлийн институттай хамтран ажиллаж эхэлж байна. Хууль эрх зүйн зөвлөгөө өгөх олон улсын хуулийн фирм МахониЛиотта ХХН, санхүү бүртгэлийн зөвлөх үйлчилгээний Integrated Financial Service /IFS/ компанитай хамтын ажиллагааг эхлүүлж байна. Нийслэл, төрийн байгууллагуудад старт-апыг дэмжиж хамтран ажиллах тодорхой саналуудыг бэлдэж байна. Олон улсын хөрөнгө оруулагчдыг Монголд урьж байна. Энэ хүрээнд өнгөрсөн оны 4 сард Малайзын хөрөнгө оруулагч ирсэн бол сая 1 сард Киргизээс ирээд манай старт-апуудтай танилцаад явсан. 


-Гарааны бизнес эрхлэгчид хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ, ямар шалгуур тавьдаг вэ?

-Бид тэгш тоотой саруудад сонгон шалгаруулалт PITCH DAY арга хэмжээг зарладаг. Энэ оны эхнийх нь энэ сарын 27, 28-нд болно. Манай фэйсбүүк хуудас дээр дэлгэрэнгүй мэдээлэл бий. Тухайн бизнес санаачлагч шалгаруулалтад оролцох хүсэлт анкетыг бөглөж илгээнэ, бид сонгон шалгаруулалтад хамрагдах мэдээлэл, санаагаа хэрхэн цэгцтэй боловсруулах талаар сургалтыг төсөл танилцуулахаас өмнө зохион байгуулна. Дараа нь бизнесээ санаагаа танилцуулна.

Нэг зүйлийг сануулахад хөрөнгө оруулагчид бизнес санаа хулгайлагчид биш, тэд оруулсан хөрөнгөөр нь ирээдүйд бизнес болгох баг, шийдлийг л эрэлхийлж байдаг. Иймээс санаагаа алдчих бий гэж айж хойш суух хэрэггүй. Бид бизнес санааны хувьд өргөжин тэлэх боломж, их биш нөөцөөр туршиж үзэх боломж, бусад шийдлүүдээс ялгарах харьцангуй давуу талыг үнэлдэг. Багийн манлайлагчдад тавих гол шалгуур бол туршлага гэхээсээ илүүтэйгээр сэтгэлгээнийхэн цэгцийг үнэлдэг. Хамгийн оновчтой шийдвэр бол хатуу логик дээр үндэслэж гарсан шийдвэр байдаг. Хүмүүс шийдвэр гаргахдаа туршлага, логик 2 дээр үндэслэж гаргадаг байна. Логик хэрэглэж чадахгүй болохоороо өнгөрсөн туршлага дээрээ үндэслэдэг юм байна. Гэтэл одоо технологи, бизнесийн орчны хурдацтай өөрчлөлт туршлагад үндэслэсэн шийдвэрийг хүлээж авахгүй байна. 


Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа.

Та бүхний бизнест амжилт хүсье.