Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд “Нэгдсэн Үндэстний Байгууллага”,“Технож Бизнес Инкубатор Төв” ТББ хамтран нийт аялагчид, монголчууддаа хандан дараах уриалгыг гаргаж байна. 

Тэд ойн нөхөрлөлийн сантай хамтран байгалийн сайханд амарч аялж яваа гадны болон дотоодын жуулчдыг угтаж үйлчлэх цоо шинэ үйлчилгээ гаргажээ. Энэ ажлын хүрээнд Булган, Хэнтий, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймагт байгаль хамгаалагч нутгийн иргэд "Хөдөө гэр" санаачилгад хамрагдсан байна. 

Ингэснээр хөдөө амарч яваа иргэд энэхүү хөдөө гэрт саатаж малчин хүний амьдралтай танилцаж тэдэнд тусалж өөрсдөө сүүгээ худалдан аван цагаа идээгээ ч гаргаж авах боломжтой гэнэ. Жуулчдын төдийгүй монголчуудын хувьд энэ төрлийн аялал нь ахуйтайгаа ойртон танилцах хамгийн сонирхолтой хэлбэр юм. Үйлчилгээний төлбөр нь үзэсгэлэнт газрууддаа байрладаг жуулчны баазаас хамаагүй хямд ажээ.

Уг төслийн зорилго нь нутгийн иргэдийн оролцоонд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг төлөвшүүлэх, нөхөрлөлийг урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх явдал юм.

Ойн нөхөрлөлүүд нь хүний хүчин зүйлтэй холбоотой  зөрчлийг багасгах, өөрийн нутаг, байгалиа хамгаалах харуулын үүргийг сайн  дураараа эрхлэн гүйцэтгэдэг.  Гэсэн хэдий ч одоогийн байдлаар ямар ч албан ёсны урамшуулал, цалин байхгүй ажилладаг билээ.