Манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж байгаа шүд цоорох өвчин нь ихэвчлэн бага насны хүүхдийг түлхүү хамарч байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж байна. Олон улсад зонхилон тохиолдох өвчний жагсаалтад Улаанбаатар хотын хүн амын шүдний өвчлөл 5-р байрт жагссан байдаг. 

Амны хөндийн өвчлөл нь зүрх судас, бөөр, хоолойны ангина гэх мэт бидэнд элбэг тохиолдох өвчний суурь болдог. 2015 онд хийсэн “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээгээр нийслэлийн хэмжээнд 5-6 насны хүүхдийн шүдний цоорлын тархалт 76,1 хувьтай байгаа нь шүд цоорлын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, эмчилгээ зэрэг нь хангалтгүй түвшинд байгааг харуулсан.

Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг батлуулахаар ажиллаж байгаа юм. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт “Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулна” хэмээн тусгасан билээ. Энэ дагуу бага насны хүүхдийн амны хөндийг эрүүл байлгах асуудалд ихээхэн анхаарч сургалт, сурталчилгааг өргөжүүлэн, эрүүлжүүлэх ажлыг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, бусад хамтрагч байгууллагатай хамтран ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн Боловсролын газар, АШУҮИС-ийн харьяа Нүүр ам судлалын сургууль болон “Гүүд нэйборс” олон улсын байгууллагатай хамтран хүн ам, тэр дундаа хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн талаарх сургалт сурталчилгааг насны онцлогт тохируулан тогтмол явуулах, тэдэнд амны хөндийн эрүүл мэндийг зөв сахих аргад сургах, хоол хүнсний зүйлийг зөв зохистой сонгон хэрэглэх дадал заншилтай болгох зорилгоор “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт цуврал сургалтыг зохион байгуулж эхэлсэн. ЕБС-ийн 1-5 дугаар ангийн багш, сурган хүмүүжүүлэгчдээр дамжуулан бага насны хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагч нарт амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгоход чухал ач холбогдолтой гарын авлагыг боловсруулан хэвлүүлсэн байна.

Энэ хүрээнд 2017 оны 11 дүгээр сард нийслэлийн 50, 62-р сургуулийн 1-5-р ангийн нийт 120 багшид тус гарын авлагатай холбогдуулан сургалт хийсэн бөгөөд тэднээр дамжуулан сурагчид болон эцэг эх, асран хамгаалагч нарт амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгож, хүүхдүүдэд үдийн цайгаа уусны дараа шүдээ угаах нөхцлийг нь бүрдүүлж өгчээ.

Одоогоор Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн нийт 79 ЕБС-ийн 1-5-р ангийн 2400 гаруй багшийг сургалтад хамруулаад байна. Тэгвэл өнөөдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр энэхүү ээлжит сургалтаа Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн бага ангийн 320 гаруй багш нарт хийж эхэллээ. Тус сургалтын нээлтэд Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч, Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.