ДЭМБ-аас БНХАУ-д дэгдээд буй коронавирусийн шинэ төрлийн халдвар нь хүнээс хүнд амьсгалын замаар халддаг хэмээн мэдэгдээд буй. Иймээс эмч мэргэжилтнүүд иргэдэд амны хаалт буюу нэг удаагийн маск хэрэглэхийг зөвлөөд байгаа билээ.

Ийнхүү зөвлөснөөс үүдэн эмийн сангуудад амны хаалтны нөөц хангалттай бус байгаа аж.

Зарим эмийн сангууд татан авалтаа хийхээр гадаад орон руу захиалсан бол дотоодын амны хаалт үйлдвэрлэгч "Мөнхийн цагаан жим" компанийн ачаалал ихтэй ажиллаж байгаа гэдгээ мэдээллээ. Мөн амны хаалт үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч "Мөнхийн тун" үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж хоногт 40000 ширхэгийг үйлдвэрлэн, эрүүл мэндийн байгууллага, эмийн сангуудаар түгээж байгаа аж. "Мөнхийн цагаан жим" компани гэхэд өдөрт 8-10 мянган ширхэг маск үйлдвэрлэж байгаа аж. Гэсэн хэдий ч эрэлтээ гүйцэхгүй байгаа гэлээ.Эмийн сангуудаас "Монос" группийн эмийн сангууд дахь амны хаалтууд дууссан учраас нөөцөөсөө 300 мянган ширхэг гаргаж орон нутагт төдийгүй Улаанбаатар хотын салбаруудад хуваарилсан байна. 

Амны хаалтны эрэлт ихэссэнээс хүнсний болон барилгын материалын дэлгүүрүүдээр нэг удаагийн болон утааны давхар шүүлтүүртэй амны хаалт зарж эхэлжээ. Гэсэн хэдий ч үнээ хэд дахин өсгөсөн нь иргэдийг бухимдуулаад буй. Эмийн сангуудад өмнө нь 150 төгрөгөөр худалдаалагдаж байсан хамгийн хямд үнэтэй амны хаалт 350-500 төгрөг болтлоо нэмэгджээ. Тэгвэл нийтийн эрэлт хэрэгцээг далимдуулж ашиг хонжоо хайж буй уг асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 1800-1284 дугаар руу залгаж мэдээлэл өгч болох аж.

Харин шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 24 цагийн турш 80086829 дугаарын утсаар өгч байгаа юм.

Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд шинэ коронавирусын халдварын үеийн бэлэн байдлыг ханган ажиллаж буй бөгөөд иргэд, олон нийтэд зориулсан урьдчилан сэргийлэх дээрх утсаар авч болох нь.