УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын дарга, гишүүд тал талаас шаардаж байж УИХ-ын гишүүн Л.Болдод арайхийж амны хаалт зүүлгэсэн нь олны дургүйцлийг төрүүлсэн юм.

Тэрбээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүг амны хаалтаа зүүхийг шаардахад бухимдангуйгаар "Хажуунаас үг хэлүүлэхгүй байна. Хэнд нь амны  хаалт зүүлгээд хэнд нь зүүлгэдэггүй юм. Хангалттай зайнд байгаа тул амны хаалт зүүлгүй үг хэлж байна. Би маскаа тасралтгүй зүүж байгаа, яг ийм орчинд ямар нэг хүнтэй хоёр метрээс ойр хавьтахгүй тохиолдолд зүүхгүй байна. О.Баасанхүү гишүүн хүний эрхэнд халдмааргүй байна." гэв.

Ийнхүү тэрбээр хэсэг гүрийсэн ч нэг танхимд суугаа нөхдийнхөө шаардлагаар аргагүйн эрхэнд амны хаалтаа зүүсэн юм.

Уг нь УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага, тиймээс хуулийг сахигчид нь өөрсдөө хуулиа баримтлах учиртай. Гэтэл иймэрхүү ёс зүйн алдаа гаргаж хэнэг ч үгүй сууна. Харин жирийн иргэд амны хаалт зүүгээгүй бол автобус унаанд ч суух эрхгүй цаашлаад “Зөрчлийн тухай хуулийн 5.13.1-д заасны дагуу 150,000 төгрөгөөр торгох заалттай гэдгийг “COVID-19“-ийн ажиглалт, тусгаарлалтаас гарсан УИХ-ын гишүүн Л.Болд мэдэхгүй л яваа бололтой.

Бичлэг үзэх: