GSMi буюу Глобаль стратегийн удирдлагын институтээс гурав дахь жилдээ “STRATEGY FORUM- 2020”  форумыг зохион байгууллаа.

Форумын зочид нь ажил олгогч нар буюу компанийн захирлууд байлаа. Илтгэгчид ирэх оны стратеги төлөвлөгөө алсын хараагаа цаг үетэйгээ хэрхэн уялдуулах, бизнесээ хэрхэн амжилттай авч явах талаарх шинэлэг мэдээллээ хуваалцсан юм.

Илтгэгчдийн ихэнх нь дижитал хувьсгал хүчтэй өрнөж байгааг, чухам яагаад бизнестээ технологи шингээх ёстойг сонирхолтой жишээ татан тайлбарлаж, өөрчлөлтийг  соргогоор мэдэрч  үйл  ажиллагаандаа тусгахыг зөвлөлөө.

Энэ Глобал стратегийн удирдлагын институтын захирал, стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал 

“Захирал нь “БИ” дээр төвлөрсөн бол тэр компани хурдан хөгжиж чаддаггүй, хүн ч тогтдоггүй. Тийм учраас ажилтнуудаа сонсож, ярилцан, тэднийг урамшуулж байх нь чухал. Яагаад бусдыг шахаж шаардаж чаддаг шигээ урамшуулж болохгүй гэж. Гэхдээ урамшуулна гэдэг  худлаа магтаж дүр эсгэх төдий зүйл биш. Цаг зав гаргаж суралцах ухаан. Компанийн удирдлагууд өөрсдийгөө өөрчилж, ажилтнууддаа урам хайрлах арга ажилд анх авахдаа хэлсэн амлалтдаа хүрдэг соёлд суралцаж сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй.  Зарим захирлаас яагаад ажилтуудаа магтаж урамшуулдаггүй юм бэ гэхээр “Яагаад би тэднийг худлаа магтах ёстой юм бэ” гэдэг юм. Гэтэл тухайн ажилтанд та цалин өгч байгаа ч таны компанид үнэ цэн өгч байгаа шүү дээ. Орчин үед ажиллаж байгаа хүн болгоныхоо потенциал, санал санаачилга, инновацийг дэмжиж ашигладаг,  ажилчдаа ойлгож дэмждэг, хэрэглэгчээ сайтар сонсдог компаниуд амжилтанд хүрч байна” гэлээ.

Ингээд зочин илтгэгч нарын илтгэлээс товч хүргэе.

ХЭРЭГЛЭГЧИЙГ МӨНГӨНИЙ МАШИН ШИГ ҮЗДЭГ ХАНДЛАГА ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН

/Маркетингийн зөвлөх, Vision group ХХК-ийн ерөнхий захирал Э.Энхбат/

Өмнө нь хэрэглэгчийг мөнгөний машин шиг үздэг байлаа. Хамгийн энгийн жишээ дурдая. Хэрэглэгчдэд талархах аян гэхээрээ л хямдрал зарладаг арга барил бий. Гэтэл хүн нэгэндээ баярлалаа гэж хэлэхийн тулд яагаад мөнгийг нь авах ёстой гэж. Ер нь бизнес эрхлэгчид иймэрхүү сувдаг байдлаар хэрэглэгчдэд хандаж ирсэн. Харин өнөөдөр маркетингийн дэлхийн чиг хандлага өөрчлөгдсөн. Одоо Human to human буюу хэрэглэгчийг хүн талаас нь авч үздэг болсон. Учир нь бизнес эрхлэгч бараа бүтээгдэхүүн бий болгож байгаа та өөрөө хүн, түүнийг хэрэглэж байгаа нь ч хүн шүү дээ. Нөгөө талаас бизнес эрхлэгчид дижитал шилжилтийг ойлгодог хуучинсаг сэтгэлгээнээс салах цаг нь болжээ. Жишээлбэл миничат, чатбот.мн гээд төлбөрийн системтэй нь шийдэгдсэн ашигтай шийдэл гараад ирчихлээ. Мессенжер дотор дэлгүүр ажиллуулж болж байна шүү дээ. Энэ талаар мэдээгүй хүмүүс баахан мөнгө зарж программ бичүүлдэг эсвэл энэ талаар ойлголтгүй хүмүүс ярингуут хүмүүс их үнэтэй гэдэг. Гэтэл үнэгүй байж л байна. Тэгэхээр та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагаандаа технологи шингээх олон зүйлийг эрж хайгаарай гэж зөвлөе.

КОМПАНИУД ДИЖИТАЛ ӨӨРЧЛӨЛТИЙГ ТООЦОЖ, СЭТГЭЛГЭЭГЭЭ ӨӨРЧЛӨХӨӨС АРГАГҮЙ

/Гэрэгэ Системс ХХК-ийн Үйл ажиллагааны газрын захирал А.Отгонбаяр/

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал хүчтэй өрнөж байна. Үүний үр дүнд ойрын ирээдүйд технологи шингээгүй бизнес бүгд устана. Тийм учраас хэн бүхэн хийж байгаа бизнестээ технологи оролцуулахаас өөр аргагүй. Зарим хүн миний хийж байгаа ажилд технологи хамаагүй гэж бодож байж болох юм. Жишээ нь газар тариалан, гар урлал хийдэг хүн өөрийнхөө хийдэг аж ахуйдаа технологи хамаагүй гэдэг. Гэтэл газар тариаланд дроны технологи хүчтэй хөгжиж байна. Сүүлийн үед сийлбэрийн машин нэвтэрчихлээ. Сийлбэрлэх эдийнхээ зургийг компьютерт хийсэн л бол үлдсэн ажлыг нь машин гүйцэтгэнэ. Хүнээс хэд дахин бүтээмжтэй, нарийвчлалтай. Тэгэхээр гар урлаач үүнийг сонирхохоос ч аргагүй. Тийм учраас бүхий л компаниуд энэхүү дижитал өөрчлөлтийг тооцож, сэтгэлгээгээ өөрчлөхөөс аргагүй. Гэхдээ технологи нутагшуулна гэдэг үнэтэй программ худалдаж аваад л болчихдог зүйл биш. 

ОЛОН УЛСАД ТАЛЕНТ МЕНЕЖМЕНТИЙН БОДЛОГО, СТРАТЕГИЙГ БАРИМТАЛЖ БАЙНА

Олон улсын Хүний нөөцийн менежментийн академийн удирдах зөвлөлийн гишүүн Ю.Наранцацрал:

Амжилттай байгууллагыг харж байхад ямар ажиллах хүч хэрэгтэй вэ гэдгээ тодорхойлоод тэр дундаа ямар нарийн мэргэжлийн албан тушаалтныг тодорхойлох талент менежментийн бодлого хэрэгжүүлдэг. Ингэж тодорхойлсноор байгууллага эрсдлээс хамгаалж, зах зээл дээр өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, тогтвортой урт удаан хугацаанд орших, цогцоороо хөгжих боломжийг бүрдүүлэх давуу талтай. Энэ бол Монголд урьд өмнө нь байгаагүй зүйл биш. Байгууллага дээр залгамж халаагаа бэлдэг уламжлал бий.  
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын 4 ажилтны нэг нь үр дүнгүй зардал гаргадаг гэсэн судалгааг “MPC Мандал” компани гаргасан байдаг. Ийм учраас л байгууллагыг амжилттай авч явахын тулд үр дүнтэй, чадварлаг ажилтны тоог нэмж, тогтвортой байлгах арга чухал. Ийм учраас олон улсад  талент менежментийн бодлого, стратегийг чухалчилж байна.