Нидерланд улсын нийслэл Амстердам хотод болсон оршуулгын үзэсгэлэнд амиа хорлоход зориулагдсан анхны төхөөрөмжийг танилцуулжээ. Энэ тухай  “South China Morning Post” цахим хуудас мэдээлэв.

Нидерланд улсад зохион бүтээгдсэн “Sarco” хэмээх нэртэй уг төхөөрөмж нь сансрын нислэгийг санагдуулам загвартай бөгөөд төхөөрөмжийг Нидерландын загвар зохион бүтээгч Александр Баннинк болон Австралийн иргэн Филип Ничке нар хамтран зохион бүтээжээ.  

"Энэхүү төхөөрөмж нь өвдөлт мэдрэхгүйгээр амьдралаас хагацахыг хүссэн хүнд зориулагдсан. Төхөөрөмжинд орсон хүнд эхлээд хөнгөн хэлбэрийн толгой эргэлт мэдрэгдэх бөгөөд улмаар ухаан алдаж, нас барах болно” хэмээн Ф.Ничке ярьсан байна.  

Үзэсгэлэн дээр тус төхөөрөмжний зөвхөн загварыг үзүүлсэн бөгөөд VR нүдний шилний тусламжтайгаар хүмүүст төхөөрөмжийг дотроос нь харах боломжийг олгожээ. Харин бодит хувилбарыг зохион бүтээгчид энэ оны сүүлчээр бүтээнэ гэж найдаж байгаа аж.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг