Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Усан толио гэдэг нь "Хан талст” ХХК-ийн барьж буй барилгын суурийг ухахад үүссэн тогтоол устай хэсэг аж.

БЗД-ийн хэрэг бүртгэлд уг хэрэг шалгагдаж байгаа гэв. Амь насаа алдсан 4 хүүхдийн 2 нь нэг айлын хүүхэд байсан бөгөөд дүүгээ аврах гэж ус руу ороод живсэн гэдгийг албаны эх сурвалж дурдлаа. Тус компанийн үйл ажиллагаанд удаа дараа хяналт шалгалт хийсэн ч барилгын үйл ажиллагааг нь зогсоосон гэж ЗДТГ-аас мэдэгдээд байна.

Хүүхдүүд хөөсөнцөр дээр гарч тоглож байгаад живж нас барсан бөгөөд Г 11 настай эрэгтэй, Б 15 настай эрэгтэй, О 12 настай эрэгтэй, Б 15 настай эрэгтэй хүүхэд байжээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун:

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл 2014 гаргаж байсан бөгөөд үүний дагуу “Хан Талст” компанид 3.3 га газрыг олгосон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд удаа дараа явуулсан хяналт шалгалтын дүнд “Хан Талст” компанид газар ашиглуулах тухай тогтоол нь хууль зөрчиж байна гэдгийг илрүүлсэн. Мөн хяналт шалгалтын явцад 84 хуудастай албан шаардлагыг хүргүүлсэн. Тус компани ажил хийх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Нийслэлээс хоёр удаа мэдэгдэл өгсөн. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж болохгүй үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлсэн ч үүнийг үл ойшоосон. Бид “Хан Талст” компанид зохих ёсныхон дагуу хяналт шалгалтыг хийж ажил цаашид үргэлжилнэ” гэв.