Өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс тус улсын иргэншил авсан Америкийн холимог тулаанч Жеффри Монсон ням гарагт болсон сонгуульд өрсөлдөж, Москва хотоос холгүй орших жижиг хотын зөвлөлийн гишүүнээр сонгогджээ.

“Цасан хүн” хочит Жеффри Монсон нь Красногорск хотын зөвлөлийн суудалд өрсөлдөхөөр зургадугаар сард бүртгүүлжээ. Тэрбээр одоогийн байдлаар спорт клубт дасгалжуулагчаар ажилладаг байна.

ОХУ-ын эрх баригч “Нэгдсэн Орос” намаас Красногорск хотын зөвлөлийн суудалд нэр дэвшигчдийн жагсаалт Москва мужийн сонгуулийн хорооны цахим хуудсанд тавигдсан байх бөгөөд түүний нэр жагсаалтын дөрөвдүгээрт бичигджээ.

Тэрбээр нийт саналын 47.9 хувийг авч, хотын зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна.

Өмнө нь Оросын Коммунист намтай холбоотой байсан Жеффри Монсон сонгуульд бие даан нэр дэвшинэ гэж олон нийтийн сүлжээгээр мэдэгдэж байжээ.

"Нэгдсэн Орос” намаас нэр дэвших санал ирсэн. Гэвч би бие даан нэр дэвшинэ. Харамсалтай нь ОХУ-ын Коммунист намд коммунистууд байдаггүй гэдгийг би ойлгосон” гэж тэрбээр бичсэн байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг