БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэлт татварыг ирэх гуравдугаар сарын 2-ноос нэмэгдүүлэхээс сэргийлэх зорилгоор АНУ-ын төлөөлөгчид худалдааны хэлэлцээ хийхээр БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг ирэх долоо хоногт зорино гэж АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин мэдээлжээ.

“CNBC” сувагт өгсөн Сангийн сайдын ярилцлагад тэмдэглэснээр, өнгөрсөн долоо хоногт АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчдийн уулзалт "маш үр дүнтэй" болсон ажээ.

"Ирэх долоо хоногт Р.Лайтхайзер болон миний бие тэргүүтэй төлөөлөгчдийн томоохон баг Бээжинг зорьж, худалдааны хэлэлцээгээ үргэлжлүүлнэ" гэж С.Мнучин хэлсэн байна.

"Худалдааны шударга бус байдлыг дуусгаж, худалдааны алдагдлыг бууруулж, Америкчуудын ажлын байрыг хамгаалах бодит, шинэ өөрчлөлтүүд БНХАУ-ын талтай байгуулах худалдааны хэлэлцээрт багтах ёстой" гэж АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп мягмар гарагт Улс орны нөхцөл байдлын талаархи илтгэл тавих үеэрээ хэлсэн юм.

"Гуравдугаар сарын 1 гэхэд АНУ-БНХАУ-ын талууд зөвшилцөлд хүрч чадахгүй бол БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 10 хувийн нэмэлт татварыг гуравдугаар сарын 2-ноос 25 хувьд хүргэнэ" гэж Д.Трамп өнгөрсөн оны 12 дугаар сард мэдэгдсэн билээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг