Америкчуудын дийлэнх нь эрүүл мэндийн зардлаас болгоомжлон, амь насанд нь аюул учирч болзошгүй тохиолдлоос бусад үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаас зайлсхийдэг. 

АНУ-ын харьяат Кевин Бойзат гэнэтийн өвчний улмаас зайлшгүй Тайвань улсын түргэн тусламжийн үйлчилгээг авсан энэхүү түүх АНУ-ын эрүүл мэндийн тогтолцоонд маш том өөрчлөлт хэрэгтэйг сануулсан гэж болно.

Бойзат өөрийн туршлагыг Facebook хуудсаараа "Социализмын анагаах ухааны айдас: Анхны туршлага" гэсэн нэртэйгээр хуваалцсан нь 204,000 удаа “share” авсан байна. Бойзатын бичсэнээр түүний гэдэс маш хүчтэй өвдөж, гэнэт бөөлжиж эхэлсэн байна. Тэр энэхүү өвчин нь аажмаар намдах болов уу гэж найдаж байсан ч сүүлдээ ус уух ч чадалгүй болжээ. Шөнө дунд 3 цагийн үед тэр тэсэхээ больж, яаралтай тусламж дуудахаас өөр сонголт үлдсэнгүй.
Тэр өвдөж байсан ч англи хэлтэй эмч олдох болов уу гэдэгт бас ямар зардал гарах бол гэсэн түгшүүртэйгээр очжээ. Учир нь түүний АНУ дахь эрүүл мэндийн даатгал дууссан байв.

Гадны иргэд Тайваны эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд хамрагдах эрх нь зургаан сар хууль ёсоор ажиллаж, тогтмол оршин суусны дараа нээлттэй болдог журамтай. Бойзатын хувьд Тайвань улсын нийгмийн даатгалын шаардлагыг хангаагүй байсан юм.

Гэвч бодит байдал түүний бодсоноос шал өөрөөр эргэв.

Түүнийг хамт байр түрээсэлдэг Тайвань найз нь эмнэлэгт хүргэж өгсний дараа Англи хэлтэй сувилагч хүлээн авч, 20 минутын дотор шингэн нөхөх үйлчилгээ үзүүлжээ. Тэд цусны шинжилгээ авч, хэт авиан дурангаар цөсний чулуу, олгой туссан эсэхийг шалгасан байна. Ингээд оношилж 3 цагийн дараа гэхэд биеийн байдал эрс сайжирчээ.

Бойзат эмнэлгийн төлбөрөө хараад гайхаж гүйцэв. "АНУ-д зөгийд хатгуулан, эмчилгээний төлбөрт 12,000 долларын тооцоо гарсан. Түргэн тусламжийн үйлчилгээ хэт үнэтэй, яаралтай тусламжаар хүргэгдсэн ч шаардлагатай эмчилгээг хүлээж авч чадаагүй эмэгтэй 5,751 долларын төлбөр төлсөн” гэсэн сонины гарчигтай танил болсон түүнд хар дарсан зүүд болох даатгалгүй эмнэлгийн төлбөр хэд гарсан гээч?

“Яаралтай тусламжийн үйлчилгээнд 80$ америк доллар” хэмээн тэр бичжээ.

“Халааснаасаа төлсөн. Ямар ч хямдралгүй. Ямар ч даатгалгүй. Тайваний хамгийн сайн эмнэлгүүдийн нэг. Хэрвээ надад даатгал байсан бол? АНУ-д даатгалгүй үйлчлүүлсэн бол миний төлбөр хэдэн мянган долларын тооцоо хялбархан гарах байсан. Харин Тайваньд эмнэлгийн чанартай үйлчилгээнд, харьцангуй бага мөнгөөр эмнэлгийн тусламж авч чадсан.” Тэрээр энэхүү эерэг туршлагынхаа дараа Тайваньд эмчлүүлэхэд ямар ч айх аюулгүйг дурьдаад, АНУ шалтаг тоочихоо болих цаг болсон” хэмээн сануулжээ