Монголбанкнаас “Эрдэнэсийн сангийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулж байна. Тухайлбал, Эрдэнэсийн санд худалдах үнэт металл, эрдэнийн чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийг сорьц тогтоох тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд, эсхүл Монголбанк, сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар сорьц тогтоолгон баталгаажуулдаг байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан ажээ.

Ингэснээр зөвхөн нэг байгууллага дээр үнэт металлын сорьцлолтын үйл ажиллагааг төвлөрүүлэхгүйгээр олон улсын түвшинд хүрсэн, стандартын шаардлага хангасан тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр алтыг сорьцлуулах боломжтой болно. Үр дүнд нь  алт олборлогч байгууллага, иргэд цаг хугацаа хэмнэх, төрийн болон төрийн бус байгууллагын үйлчилгээг иргэддээ хүрсэн, бодитой болох юм.

Энгийнээр харах юм бол 2017 оноос өмнө Монголбанкинд худалдсан алтны хэмжээ дунджаар 15-16 тн-д л хүрдэг байлаа шүү дээ. Харин өнгөрсөн жил энэ тоо 20 тн хүрснээс үзэхэд Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд алтны хууль бус худалдаа багассан байх магaдлалтайг харуулж байна.