Өнөөдөр ерөнхийлөгчийн зарлигаар үйлс бүтээлээрээ тэргүүлсэн эрхмүүд шагналаа гардан авлаа. Тэдний хамгийн залуу нь 16 настай бүргэдчин охин Айшолпан байв. 

Гэрэлтсэн нүдтэй, улаа бутарсан хацартай нүдэнд дулаахан Ашолпан охин "Би хэзээ ч ийм том шагнал авна гэж төсөөлөөгүй" хэмээн сэтгүүлчийн асуултанд инээмсэглэн хариулсан. Энэ жил 11 дүгээр ангид сурч буй тэрээр нүүдэлчин амьдралын өвөрмөц заншлыг гадныханд танилцуулсан "Бүргэдчин охин" киногоороо дэлхийд гайхагдсаар байна. Киноны нээлтэд уригдаж дэлхийн 30 гаруй улсад очжээ. 

Ашолпаны кинонд тоглосон түүх сонирхолтой. Тэр аавыгаа дагаж 10 настайгаасаа анд явж эхэлсэн гэдэг. Эмэгтэй хүүхэд байтугай нас биед хүрсэн эр хүнд ч найман кг жинтэй бүргэдийг гар дээрээ суулгаад, морин дээр явна гэдэг амаргүй. Аав нь даарч хөрөх вий гэж хорьсон ч тэр чадна гэж зүтгэсээр бүргэдийн анд явсаар байв. Нэг удаа анд явахад нь гадаадын зурагчин явж таарсан бөгөөд түүнд энэ олон эрчүүдийн дунд яагаад ганцхан охин бүргэдийн ан хийж байгаа нь сонирхол татжээ. Ашэрийн гэрэл зургийн сурвалжлага Америкийн нэртэй кино компанийн анхаарлыг татаж “Бүргэдийн анчин охин” нэртэй баримтат киноны гол баатраар түүнийг урьсан юм.

Охид гал тогооны ажил хийж, хатгамал хийж ээждээ туслаж байдаг бол тэр өөр. Тиймээс багаасаа  л аавдаа туслаж, нутгийнхны уламжлалыг эвлэж охидын чадахгүй гэж боддог бүргэдийн анд гарчээ. Гэхдээ түүнд гэр бүлийнхэн нь тийм ч хурдан зөвшөөрөөгүй. Нутгийн улс ч эмэгтэй хүн ан хийлээ, эртний ёс эвдлээ гэж таатай хүлээж аваагүй. Нэг удаа тэр ахын бүргэдээр ан хийж үзье. дараа нь бүргэд барьж үзье гэж аавыгаа ятгажээ. 

Тэр цагаас хойш охин бүргэдийн ан хийдэг болжээ. Ингээд тэр эцэг өвгөдийнхөө түүхэнд гарсан анхны эмэгтэй бүргэдчин болов. Уламжлалыг халсан түүний дараа Өлгийн охид бүргэдийн анд явах эрхээ авч чаджээ. Дэлхийн нэр нөлөө бүхий хүмүүсийн авдаг “Asia Game Changer Awards” шагналд тодорхойлсон нь энэхүү хүйсээр ялгаварлах үзэл, ойлголтыг өөрчилсөн гавьяаг нь үнэлсэн хэрэг байв. Түүний аав Нургайв энэ талаар "Хэдэн зуун жил эрчүүд л бүргэдээр ан хийх ёсыг охин минь халсан. Одоогоор түүний амжилтыг давсан хүн гараагүй" хэмээн ярьсан удаатай.

Түүний тухай баримтат кино хийгдэж Оскарт нэр дэвшсэний дараа Баян-Өлгий рүү чиглэсэн жуулчдын тоо эрс нэмэгдсэн. Үүнийг хоёр сарын өмнө болж өндөрлөсөн “Бүргэдийн баяр”-ыг үзэхээр очсон жуулчдын батлав. Тооцоолсоноос хэд дахин их жуулчдад дарагдсан Өлгийчүүд гэрээ хүртэл суллаж түрээслэсэн гэж аялал жуулчлалын салбарынхан сарын өмнө болсон хурлаараа онцолж, үүн шиг олон контентийг дэлхийн зах зээлд нийлүүлэх хэрэгтэйг онцолж байсан юм. 

Ашолпаны мөрөөдөл мэс заслын эмч болох. Түүнд дэлхийн нэр алдартай сургуулиуд урилгаа хэдийн илгээсэн учраас илүү их сурахаар хичээж яваа гэж шагнал авахдаа хэлсэн. Бүргэдчин охины ирээдүй анч найз "Цагаан өд"-ийнх нь нүд шиг гялалзахын ерөөл тавья.