Хэдэн мянган жилийн түүхтэй язгуур урлаг, соёлын үнэт өв “Алтайн магтаал” эзэнтэй болчихож. Оюуны өмчийн газраас туурвин зохиогч нь Д.Гомбосүрэн гэдэг хүн болохыг баталгаажуулж зохиогчийн эрхийг олгочихсон байгаа юм. Өөрөөр хэлбэл Алтайн магтаалын хөгжмийн найруулгыг өөрийнхөөрөө хийснийгээ патентжуулсан хэрэг. Хэн дуртай нь ардын язгуур урлагийн бүтээлийг найруулсныхаа төлөө патентжуулдаг, тэр болгоныг нь Оюуны өмчийн газар нь бүртгэдэг газар Монголоос өөр байдаг болов уу.  Хамгийн наад зах нь "Алтайн магтаал" гэдэг нэр  нь өөрөө ардын язгуур урлагийн том брэнд нэр гэдгийг ойшоож  ч үзсэнгүй. Ядахдаа  найруулсан хувилбарыг нь зохиогч эзэмшинэ гэсэн нэг үг Д.Гомбосүрэн гэгчийн Оюуны өмчийн газраас авсан гэрчилгээ дээр нь алга.  "Алтайн магтаал”-д  өнгөрсөн оноос хойш Д.Гомбосүрэн гэгч эзэн суужээ.  Түүнийг үндэсний телевизийн хөтлөгч Г.Чоглоонамжил, УИХ-ын гишүүн Г.Мөнхбаярын аав, Ховд аймгийн язгуур урлагийн томоохон төлөөлөгч гэдгээр нь та бид сайн мэднэ.

 Үүнийг МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ анх шүүмжилж олонд дэлгэсэн юм.

Тэрбээр “Алтайн магтаалыг туурвин зохиогч нь өдгөө цагт та бидний дунд амьд сэрүүн алхалж явахыг үзээд аль зуунд амьдраад байгаагаа ялгаж хэлж мэдэхээ байлаа. Монголын нууц товчоо, Гэсэр, Жангарыг туурвигч бас амьд сэрүүн алхалж яваа юм биш байгаа даа? Хэрвээ өөр тийм магтаал зохиосон ч байлаа ардын аман зохиолын нэрийг бүрэн ашигласныхаа төлөө ард түмэнд харин ч татвар төлөөсийг нь өгөх ёстой бус уу? Өөрөө зохиосон мэт л нэр зааж бүртгүүлсэн байх юм” хэмээн нийтэлжээ. 

Оюуны өмчийн газрын адармаа үүгээр зогсохгүй. Монгол ардын үлгэрт хүртэл зохиогчийн эрх өгчихсөн гэж байгаа.Болор Судар хэвлэлийн газрынхан бидний сайн мэдэх үлгэрүүдийг нэгтгээд ном гаргачихсан байх юм. Хавтас дээрээ өөрийн өмч гэж зарлаад, хальс бичлэг хэлбэрээр бүрэн болон хэсэгчлэн хэрэглэхийг хатуу хориглоно хэмээн ичгүүр сонжуургүйгээр зарлаж орхиж. Арай л зохиолч гээд нэрээ бичсэнгүй. Өнөөгийн хүүхдүүд мэддэггүй юм аа гэхэд бидний үеийнхэн хэл шинжлэлийн эрдэмтэд судалж, амнаас ам дамжин яригддаг үлгэрийг тэмдэглэж үлдээснийг гадарлахтайгаа билээ. Энэ бол хэн нэгэн хүн найруулгыг нь өөрчилснийхөө төлөө "Монголын нууц товчоо"-г би зохиосон гээд өмчилж байгаагаас өөрцгүй зүйл.  


Алтайн магтаалыг Баруун Монгол түмэн тууль хайлахын өмнө хангай дэлхийгээ аргадан хайлдаг заншилтай. “Алтайн магтаал”-ыг магтсанаар уул усны эзэд тэр айлд хуран чуулдаг гэж үздэг. Хэчнээн цаг үргэлжлэх энэхүү магтаалыг анх олон түмэнд хүргэсэн хүн нь Ховдын хэмээгдсэн Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, Ардын жүжигчин Д.Гомбосүрэн юм. Түүний хувьд шинэчлэн найруулж хүргэсэн ч өөрийнх нь нэр дурьдагддаггүйд бухимдаж явсан гэдгийг урлагийнхан мэддэг юм билээ. Д.Гомбосүрэн гуай энэ асуудлаар олон жил хөөцөлдсөөр жилийн өмнө нэр дээрээ дансалж санаа амарчээ. Өөртэй нь холбогдож энэ талаар тодруулахад үгүйсгэсэнгүй. Тэрээр “Алтайн магтаал бол миний найруулсан хувилбараар дэлхийд танигдсан. Тийм учраас гадаад дотоодод тоглож байгаа бүх хамтлаг дуучид надад зохиогчийн эрхийн дагуу надад мөнгө төлөх ёстой. Ард түмэн урлаг бүтээдэг, бид найруулдаг гэж үг хүртэл бий” гэсэн юм. Одоогоор нэг ч уран бүтээлч хандаж мөнгө төлөөгүйд тэрээр гомдолтой яваа аж. Тэгвэл уран бүтээлчид энэ тал дээр ямар байр суурьтай байгааг асууж тодрууллаа.

Д.ГАНПҮРЭВ: АЛТАЙ МАГТААЛЫГ ХЭН Ч ӨМЧЛӨХ ЭРХГҮЙ

/“Алтай” хамтлагийн ахлагч, продюсер/

Би тэр талаарх мэдээллийг олж харсан. Ер нь бол зохиогч нь тодорхой бус хэдэн мянган жилээр хэмжигдэх бүтээлийг хэн нэгэн өмчлөх эрхгүй. Би гэхэд Алтайн магтаалыг хоёр ч удаа найруулсан. Үндсэн бүтээлийн найруулга дээр ажилласан болохоор надад оюуны өмчийн асуудал ярих шаардлага байхгүй. Зохиогч нь тодорхой биш учраас хэн ч аваад ашиглаж болно. Үүнийг  зохицуулдаг, хамгаалдаг журам бий. Алтайн магтаал бол 100 хувь ард түмний өмч. Яваандаа хууль журмаараа хүчингүй болох байлгүй дээ.

Б.БЯМБАБАЯР:  НАЙРУУЛСАН БҮХНЭЭ ӨМЧЛӨӨД БАЙВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?

/Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр/ 

Энэ бол ямар ч боломжгүй зүйл. Ард түмний бүтээсэн өв соёлыг өөрчилж найруулаад өөр дээрээ бүртгүүлж оюуны өмчийн эрх аваад байвал юу болох вэ. Харин үүнд найруулгын эрх гэж тусдаа эрх яригдаж болох юм. Зохиогч нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн уран бүтээлүүдийн эрх төрийн өмчийн хороонд шилжиж байна шүү дээ. Тухайлбал хуучны дууны бичлэгийн эрх нь Монголын радиод байгаа. Харин дахин шинэчилж дуулахдаа зохих журмын дагуу зөвшөөрлийг нь авах учиртай.

Э.БААТАРЖАВ: АЛТАЙН МАГТААЛЫН ТҮҮХ ХҮННҮГИЙН ҮЕИЙН ТҮҮХТЭЙ ХОЛБОГДДОГ

/Туульч, өвлөн тээгч, хөөмийч Э.Баатаржав/

Д.Гомбосүрэн гуайг би сайн мэднэ. Ховдын театрыг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн. Энэ асуудал дээр бид хоёр яриа өрнүүлж байсан.  Тэр урт магтаалыг тайзны хэлбэрт оруулж өөрчилж найруулсан гэдгээрээ найруулгын эрх нэхэж байж болох юм. Түүнээс биш Алтайн магтаалыг хэн нэгэн өмчилж авчихна гэж байхгүй л дээ. Энэ бол дээд тэнгэрийн ерөөлөөр бууж ирсэн магтаал.  Нутгийн хөгшчүүлийн ярьдагаар тогос алтайн магтаал, Алтай уулын магтаал гэсэн хоёр янз байсан гэдэг. Одоо өөрчлөлт орсоор 5-6 янзаар хайлдаг болсон. Түүх нь хэдэн мянган жилийн өмнөх бүр хүннүгийн үетэй холбогдоно. Монголын язгуур урлаг гэдэг бол зүгээр нэг гурван хүн сууж байгаад зохиолын дуу бичдэг шиг юм биш