САЙТАМА /Япон/. /TASS/. Японы Сайтама хотод болж буй Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ-ын тамирчин Алина Загитова алтан медаль хүртлээ. Өдгөө 16 настай Загитова хоёр үзүүлбэрийн дүнд 237.50 оноо авчээ.


Хоёрдугаар байранд Казахстаны уран гулгагч Элизабет Турсынбаева /224.76/, гуравдугаар байрыг 19 настай, Оросын уран гулгагч Евгения Медведева /223.80/ эзэлсэн байна.


Загитова эмэгтэйчүүдийн уран гулгалтын бүх цолыг хүртсэн Оросын анхны уран гулгагч болжээ. Дэлхийн аваргын алтан медалиас гадна Загитова 2018 оны Олимпын наадам, 2018 оны Европын аварга шалгаруулах тэмцээн болон 2017 оны Гран-пригаас алтан медаль хүртсэн юм. Тэрбээр мөн Олимпын наадамд түрүүлснийхээ дараа дэлхийн аварга болсон 1985 оноос хойших анхны уран гулгагч болжээ. Хамгийн сүүлд ийм амжилтыг Германы уран гулгагч Катарина Виттт тогтоож байв.


Загитова багийн үзүүлбэрээр 2018 оны Олимпын наадмаас мөнгөн медаль хүртжээ. Өнгөрсөн онд уран гулгагч мөн Хельсинкид болсон Гран-прид түрүүлж, Москвад болсон тэмцээнд мөнгөн медаль хүртсэн байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг