УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн 12 дугаар сард батлан, мөрдөж эхлээд буй. Уг хуультай холбоотой асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга  Т.Батцэцэг "Шинээр баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд ШӨХТГ-ыг гурван чиглэлээр хяналт тавьж ажиллахаар хуульчилсан байна. 

Нэгдүгээрт, сонгуулийн жил эхэлснээс хойш хэвлэл мэдээллийн байгууллагууд аль нэг нам эвсэл, улстөрчийн чансааг тогтоосон мэдээ, мэдээлэл явуулахыг хориглосон. 

Хоёрдугаарт, сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам эвслийн мэдээллийг түлхүү тараах, эсвэл аль нэг нам эвсэл, нэр дэвшигчийн мэдээллийг огт тараахгүй байх гэрээ хийхийг хуулиар хориглосон.

Гуравдугаарт, хэвлэл мэдээллийг хэрэгслээр нэвтрүүлж буй мэдээлэл нь нам эвсэл, нэр дэвшигчийн нэг талыг барьсан, тэнцвэртэй бус байхыг хориглосон. 

Хуулийн эдгээр заалтыг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын тусгай зөвшөөрөл, үйл ажиллагааг сонгуулийн үр дүн гартал зогсоох, түдгэлзүүлэх дүгнэлтийг манай байгууллагыг гаргахаар хуульд тусгасан. Тэгэхээр хэвлэлийн мэдээллийн байгууллагууд сонгуулийн сурталчилгааны явцад хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг зөвлөж байна.

Мөн аливаа нэр дэвшигчийн мэдээллийг дагнаж гаргасан, чансаа тогтоосон мэдээлэл хэвлэлээр явж буй тохиолдолд иргэд манай байгууллагын 18001284 утсанд баримттай мэдээлэл өгөхийг уриалж байна. Бид мэдээллийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллана" хэмээлээ.