Бэлхэд зэргэлдээ айлуудын нийт таван хүүхэд алга болоод дөрөв хонож байна. Хүүхдүүдийн аав ээжүүд цагдаад мэдэгдсэн ч шуурхай хайх ажиллагааг явуулахгүй байгаад гомдолтой байгаа гэнэ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо таван  буудал орчмоос 10 настай эрэгтэй З.Ууганбаяр, найман настай, эрэгтэй З.Отгонбаяр, 12 настай эмэгтэй А.Энхгэгээрэл болон бусад хоёр охин хамт тоглохоор гарсан байна. Алга болсон хүүхдүүдийн нэг болох 12 настай охины үеэл эгч Д.Мягмарсүрэнгээс энэ талаар тодрууллаа. 

 

-Хүүхдүүд алга болсоноос хойш ямар нэгэн сураг сонсов уу?

- Бид нарын хувьд хүүхдээ алга болсон тэр орой Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтэст мэдэгдсэн. Тухайн үед цагдаа нар мэдээлэл авангуутаа “Санаа зоволтгүй, бүх дүүргийн цагдаа нарт  энэ мэдээлэл шуурхай тараагдана” гэж хэлсэн. Гэсэн хэдий ч хүүхдүүдийг эрж хайх ажиллагаа явагдаагүй.  Гайхаж сандраад таньдаг мэддэг цагдаа нараасаа асуутал  ийм мэдээлэл бидэнд ирээгүй гэхийг сонсоод гайхсан.Хүүхдүүд алга болсон өдөр нэгийг нь хамаатны хүн Долоон буудлын Хаан банкны орчимд явж байгааг харсан гэсэн. Энэ тухайгаа ч хэлсэн байгаа. Гэтэл өнөөдрийг болтол цагдаагийн байгууллагаас арга хэмжээ авахгүй, тэндэхийн камер шүүхгүй байгаад гомдолтой байна. 

-Эцэг эхчүүд нь холбоотой байгаа юу, хамтарч хайсан уу?

-Бид нар хоорондоо холбоотой байгаа. Зарим нь өөрсдөө ах дүү хамаатан садантайгаа нийлж нөгөө хэсэг нь хамтарч эрж хайж байна. Зургийг хэвлээд олны хөл ихтэй газар наахаас эхлээд өөрсдөөсөө шалтгаалах бүх зүйлсээ хийж байгаа. Аргаа бараад сошиалд зургийг нь цацаж сэтгүүлчдэд хандсан.

-Та нарт ямар нэгэн таамаг байна уу?

-Ганц айж байгаа зүйл бол алга болсон хүүхдүүдийн дунд байгаа хараа хяналтгүй 16 настай охин. Аавтайгаа хамт амьдардаг гэсэн. Аав нь алга боллоо гэж мэдээлэл ч өгөөгүй гэж дуулсан. Тэр охин хүүхдүүдийг дагуулаад явчихсан байх вий гэсэн айдас байна.Ойр тойрных нь хүмүүсээс тэр охины талаар таагүй мэдээлэл их сонссон учраас түгшиж сууна.