Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутагт Ерөнхий боловсролын сургуулийн 9 настай сурагч алга болсон дуудлагаар эрэн хайжээ. Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 4 алба хаагч, 1 автомашинтай очиж эрэн хайхад охин сургуулийнхаа зүүн талд байрлах нүхэнд унасан байсан аж.

Унасан нүх нь хуучин зоорь бөгөөд 3 метрийн гүн бөгөөд аврагчид 5 минут ажиллаж сурагч Г-г гарган авч гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Мөн Дорнод аймгийн Гурванзагал сумын Рашаант багийн “Хонхор шүүт” гэдэг газар 3 настай, эрэгтэй хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон тухай дуудлага ирсэн аж. Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 142 км замыг туулан 16:09 цагт очсон байна. Аврагчид 2 цаг 8 минут ажиллаж, 18:17 цагт алга болсон 3 настай хүүг гэрээс баруун зүгт 200 метрт байрлах хуучин өрмийн 3 метр гүнтэй нүхнээс гарган авч, сумын Эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.