Сара Блэйкли бол эмэгтэй дотуур хувцасны худалдаа эрхэлдэг "Spanx" компанийн ерөнхий захирал юм. “Форбес” сэтгүүлийн 2012 оны мэдээнд түүнийг дэлхийн хамгийн залуу, өөрөө хөрөнгө баялгаа бүтээж чадсан тэрбумтан бүсгүй гэж бичсэн байдаг. Тэр мөн хамгийн нөлөө бүхий дэлхийн 100 эмэгтэйн нэг.

Нэг удаа түүнээс амжилтын талаар асуусан байдаг. Аав нь түүнээс орой болгон “Өнөөдөр чиний юу бүтээгүй вэ?” гэж асуудаг байжээ. Сара бүх зүйл бүтсэн гэж хариулахад аав нь тийм ч таатай хүлээж авдаггүй байсан гэдэг. Учир нь алдаа гаргахгүй байна гэдэг нь тухайн хүн өсөхгүй, байрандаа л явааг илтгэдэг гэж аав нь үздэгтэй холбоотой. Түүний аав гайхалтай холч ухаантай хүн юм.

Эцэг эхийн хүмүүжлээр төгс өссөн хүмүүстэй би өдөр бүр таардаг. Тэд зөв шийдвэр гаргах гэж цаг тутамд хичээж үргэлж шилдгийг хайдаг. Жижигхэн ч хамаагүй алдаа тэд нарыг маш их айдаст автуулдаг. Үүнээс болж тэдний өөрийгөө үнэлэх үнэлэмж буурч ямар нэгэн юм хийж чадахгүй болж заримдаа тэр байдлаасаа гарч чаддаггүй.

Хүмүүс алдаа гаргахаас цаг үргэлж айдаг. Гэхдээ алдаагүй ялалт гэж байдаггүй нь үнэн. Алдаа гаргаснаар бид шинэ боломжийг нээдэг. Сарагийн аавын хэлсэнчлэн “Алдаа байхгүй бол өсөлт дэвшил байхгүй” юм.


Алдаанаас айхаа болих аргад суралцах бас нэг тохиромжтой аргыг Жон Кэссидийн “Эхлэгчдэд зориулсан жонглердох арга” номонд тайлбарласан байдаг. Тэрээр жонглердох техник, бөмбөгөнд дасах эсвэл тэдгээрийг хэрхэн сонгох талаар тайлбарлаагүй. Харин бөмбөгийг хэрхэн унагаах тухай бичсэн байдаг. Бүр дахин дахин унагаах талаар.

Алдаа гаргахаас айх нь бидний бие, тархийг зогсонги байдалд оруулж, өөрийнхөөрөө байж чадахгүй, эхлүүлж буй зүйлсийг ч бүтэлгүйтүүлэх шалтгаан болдог. Тиймээс бөмбөгүүдийг 1000 удаа унагаах ёстой. Ингэж байж бид 1001 дэх удаа бөмбөгөө унагаахад асуудал гэж хүлээж авахгүй болно. Ингээд жинхэнэ ид шид эхэлдэг. Бид алдаанаас зугтахаа больж, биеэ сэтгэлээ чөлөөлснөөр ажил үйлс амжилттай эхэлдэг.

Гаргасан алдаа болгон амжилтад хүрэх боломжийг нэмэгдүүлдэг. 

 


Лариса Парфентьевагийн "Амьдралаа өөрчлөх 100 арга" номоос