УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төсөлд Эрүүл мэндийн яамны хүлээх хариуцлагын талаарх зохицуулалтуудыг илүү нарийвчлан тодорхой тусгасан. 

Одоо хэрэгжиж буй хуулийн хүрээнд мансуурах донтой этгээдийг албадан эмчилгээнд хамруулаад л өнгөрдөг бол уг төсөлд эмчилгээний дараа бататган хянах, ажил мэргэжил эзэмшүүлэх, нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлэх асуудлыг дэмжих зэрэг асуудлыг холбогдох газрууд хамтран зохион байгуулах зохицуулалтыг тусгажээ. 

Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд 120 орчим сая төгрөгийн төсөв шаардагдах бөгөөд төслийг өргөн мэдүүлэхийн өмнө уг асуудлаар Сангийн яамтай зөвшилцсөн гэлээ. 

Энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн талаарх тоон мэдээллийг СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл танилцууллаа. 

Тэрээр 1990 онд улсын хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр эмчилгээ үзүүлэх орны тоо 1380 байсан нь буурсаар өнөөдрийн байдлаар СЭМҮТ 550 ортойгоор эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа аж. Аймаг тус бүрт байсан 50 ортой дундын диспансеруудыг цомхотгон, зарим аймагт 6 ортой болгоод байгаа гэв. 

Хуралдааны төгсгөлд Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв.