УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд "Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийг баталъя" гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 44 гишүүний 35 нь буюу 79.5 хувь нь дэмжин батлав. Улмаар:

Зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг төрөөс нэг удаа бүрэн төлнө. 

Зургаан саяас дээш хэмжээний зээлтэй ахмадуудын зээлээс зургаан сая төгрөгийг нь төр төлнө. Үлдэгдлийг тэтгэвэр авагч өөрөө хариуцна.

Зээл аваагүй ахмадуудад нэг сая төгрөгтэй тэнцэх үнэт цаас олгоно. Үнэт цаас эзэмшигч нас барвал үр хүүхдэд нь өвлөгдөнө.

Нэг саяас бага төгрөгийн зээлтэй ахмадын зээлийн үлдэгдлийг төрөөс төлөөд, зөрүү үнэт цаасыг олгоно.