Өдөр хичээлтэй байсан болохоор өглөө эрт гандан орж тагтаа хооллож бурхан багшид мөргөх санаатай гэрээсээ автобусны буудлын зүг алхаж гарлаа. Манайх ч буудлаасаа нэг км гаран зайтай учир нэлээн алхана Туул голын эрэг хөвөөлдөөд машин зам, өндөр барилганаас хол шороон зам ой модтой газраар ирээдүйн амьдрал мөрөөдөл зорилгодоо автан бодолд дарагдан явах зуур хажуу талаас миний дүү энэ автобусны буудал ордог зам мөн үү гэх сонсогдож хажуу тийш харвал гуч гаран насны цайвар шаргал арьстай ах инээд алдаад хажууд алхаж явлаа. Би тэр ахын асуултанд мөн мөн ахаа энэ замаар явбал арай товч дээр нь машин тэрэгнээс хол элдэв юм бодож явахад амар байдаг юм гээд цааж алхтал ах харин тийм байна ах нь энэ Орчлон гээд хотхонд харуул хийдэг юм их олон хүнээс сонгогдож орсон ах нь архи уудаггүй тамхи татдаггүй гээд их л нээлттэй өөрийнхөө тухай ярьж байна.Ахыг анхааралтай сайн ажиглавал баруун гарын ядам хуруу нь байхгүй юм би ч дотроо их л хүнд хүчир ажил хийж өссөн өөрийнхөө Монгол хүн гэж л энэ хүн байна даа гэж бодон цааш сониучирхан Саруул гэж ямар хотхон бэ ахаа гэтэл Дөл хотхоны ард талын гэлээ Саруул гэдэг хотхоныг нь мэдэхгүй байсан болохоор толгой дохиод өнгөрлөө. Гэтэл ах үргэлжлүүлж ахынх нь цалин таван зуун мянга ганц бие болохоор ахад нь бол хүрээд л байдаг юм гурван зуун мянгыг нь хадгалаад хоёр зуун мянгаар нь хангалттай юмаа аваад амьдарч байтал дараагийн сарын цалин буудаг юм. Ах нь пүтик нь дээ амьдардаг айлын хашаанд гэрээ бариад шөнийн бор хоногтоо хааяа нэг орж ирж хонодог хүнд гэр хэрэггүй юм билээ тэгээд эндээ амьдарч байна даа гээд их л нээлттэй ярьсаар л байлаа би ч ахын яриаг чимээгүй анхааралтай гэгч нь сонссоор л. Ах цааш нь ах нь өглөө 9 өнгөрөөгөөд босдог үд хүртэл унтаад яахавдээ босоод хоол ундны юм идэж уучаад л гадуур гараад зах энд тэндхийн газар үзээд орой зургаа гээд л ирдэг ах нь хотод орж ирээд зургаан жил болж байна гээд өөрийгөө нэлээн тодорхой танилцуулав. Би ч ахын ярианых нь өнгөнөөс та баруун аймгийн хүн үү? гээд асуугаад амжлаа гэтэл ах тиймээ ах нь Увс аймгийн Дөрвөд сумынх ам бүл ёсүүлээ ах нь яг айлын дундах хүүхэд шүү дээ гээл цагаан шүдээ яралзуулан инээд алдана. Би ахаа та өдий гуч гарчаад эхнэр олж авья гэж бодохгүй байна уу? гэтэл ахад нь болж бүтээд ханилах хүн олдохгүй байна ах нь архи ууж тамхи татахгүй өөрөө тийм болохоор архи уудаггүй тамхи татдаггүй хүн нь л хүсэх юм байна шүү дээ. Ах нь хоёр жилийн өмнө нэг багш эмэгтэйтэй танилцаад нэг гэрт орж хамт амьдарсан нөхөр нь өөд болсон гэсэн тэр багш бүсгүйтэй нэг жил амьдраад л ах нь орхиод явсан. Учир нь архи уудаг тамхи татдаг цалин өндөртэй приус хорьтой боломжийн эмэгтэй байсан гэхдээ ажлын таван өдөр ажилдаа яваад амралтын өдөр дандаа шоудаад алга болчдог тийм амьдрал гэж бүтэхгүй гэж бодоод л салсандаа. Жилийн өмнө залгаж байсан ах нь утсаа аваагүй ээ.

Миний дүү оюутан уу? Тиймээ ахаа би одоо хоёр дугаар курсын оюутан гэхэд залуу хүн сурч боловсорч байсан дээр гэр бүл болох гэж яаараад яахав гээд наддаа амьдралын хичээл зааж байлаа би ч ахын яриаг толгой дохиод аан тиймээ за харин тиймээ гэх мэт үгсээр хариулж ийнхүү гэр бүл төлөвлөлт сэдэв өндөрлөж дараагийн сэдэврүү орлоо. Ахыг нь нээрээ манай найзууд Солонгос яв гээд байгаа ах нь явахгүй гэж бодож байгаа яах юм Монголдоо хоёр идэхгүй хоосон хонохгүй болж л байна. Гэхдээ манай нэг найз яваад гурван сар болоод ирэхдээ арван дөрвөн сая төгрөгний ажил хийсэн гэсэн хөөрхий амьдралд нь болж л байвал болоо доо. Ах нь боддог юм уранхай хувцас хоосон ходоодтой явахгүй л бол тэгэж хагарч цадатлаа баяжих хэрэг юу байна. Нүцгэн ирсэн нүцгэн буцах хорвоод бид үхэхдээ арван төгрөг ч авсандаа аваад орохгүй шүү дээ гэж хэлэхтэй зэрэгцэн ахын явах автобус болох ДЭНЖИЙН МЯНГА ЗАЙСАН ирлээ.

Ийнхүү гучаад минут ахтай ярилцаж тэр хүний амьдрал дотоод ертөнцтэй нь бага ч гэсэн танилцахад Монгол хүний эвдрээгүй гэнэн цайлган гүндүүгүй итгэмтгий Монгол зан өнөөгийн даяарчлагдаж байгаа нийгэмд оршиж буйд нь баярлах эс бөгөөс энэ ахын гэнэн цайлганд байдалд санаа зовинох сэтгэл төрж байлаа. Бид бие биедээ итгэхээ больж амин хувиа боддог аминч үзэл энэ байдлаа Монголын нүүдэлч уламжлалаас улбаатай гэж тайлбарладаг мунхаг байдал, цаг хугацаа урсан өнгөрхийн хэрээр бага балчир насны минь гэнэн цайлган дэврүүн байдал цаг хугацаа гэх хуй салхинд замхран үгүй болж байгаад өөрөөсөө ичих шиг. Сүүлийн үед сошиалаар ЦЭВЭР ИЧИМХИЙ МОНГОЛ ЗАЛУУ  ХААНААС ОЛОХ ВЭ? Гэсэн постны доор тэр сайхан гүндүүгүй Монгол эр хүнтэй би өнөөдөр таарлаа гээд бичихэд буруудахгүй болов уу гэж бодож сууна. Нэгэндээ итгэж сэтгэл доторхоо бүү хэл автобусны буудал заагаад өгөх сэтгэл хомс өнөө цагт ахын ярьсан зүйл гэрэл нэмэх шиг. Тэр нандин сэтгэлийнхээ булгийг үеэрлүүлсэн ахад дүүгийнх нь дотор байсан Тэнгэрийн муухай хар бара үүл бага ч гэсэн нүүж байна. Даваа гэх тэр ахтай ахиад таарахын тулд тэр хүний тэр сайхан сэтгэл хээгүй яриа сэтгэлийн булгийг амсахын тулд ой мод Туулийн хөвөөгөөр алхсаар байх болно.