Ихэнх хүмүүс ажлын байран дээрээ ямар нэг тохиолдлоор ажилтай холбоотой дарамт шахалтыг мэдэрдэг. Та ажилдаа дуртай байсан ч аливаа ажилд стресстэй элемент байдаг. Эдгээр нь богино хугацаанд, цаг хугацаа нь тулсан зайлшгүй хийж дуусгах ажил хүлээж авах эсвэл таны чадварыг шалгасан ажил ч байж болно. Гэвч ажлын ачаалал нь архагшихад, бие махбодь болон сэтгэл санааны эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг.

Харамсалтай нь ийм урт хугацааны стресс нь нийтлэг ажиглагддаг байна. АНУ-д жил тутамд явуулдаг стрессийн судалгаар ихэнх Америкчуудын стрессийн эх сурвалж нь ажлын ачааллаас үүдэлтэй гэжээ.

Ажлын байран дээр тохиолдож болох хурцадмал байдлаас зайлсхийх боломжгүй ч ажлын стрессийг удирдах хэд хэдэн алхмыг авах боломжтой.


Ажлын байрны стрессийн  нийтлэг эх үүсвэр

  • Хангалтгүй цалин хөлс
  • Ажлын ачаалал
  • Хөгжих, дэвших боломж нь хязгаарлагдмал 
  • Нийгмийн дэмжлэг дутмаг 
  • Ажилтай холбоотой шийдвэр гаргах эрх мэдэл нь хязгаарлагдмал 
  • Тодорхой биш ажлын гүйцэтгэл шаардах, ажил үүргийн зөрчилдөөн 

Стресстэй ажлын орчин нь толгой өвдөх, ходоод өвдөх, нойргүйдэх, төвлөрөхөд хүндрэл учруулахаас гадна түргэн уурлах гэх мэт эрүүл мэндэд сөрөг үр дагавар учруулдаг. Архаг стресс нь түгшүүр, нойргүйдэл, цусны даралт ихсэх, дархлааны тогтолцоог сулруулдаг. Мөн сэтгэлийн хямрал, таргалалт, зүрхний өвчин зэрэгт нөлөөлж болно. Зарим хүн уг асуудалыг эрүүл бус хооллолт, тамхи татах, мансууруулах бодис хэрэглэх зэрэг эрүүл бус арга замаар зохицуулдаг.


Стрессийг бууруулах алхмууд


Стрессийг таних - Ямар нөхцөл байдлаас хамгийн их стресс үүсч байгааг ажиглан тэмдэглэл хөтлөх, мөн ямар хариу үйлдэл хийсэн талаараа бич. Та дуугаа өндөргөсөн үү, эсвэл гарч алхсан уу?

Эрүүл хариу үйлдэл хийх - Стресстэй тэмцэхийн тулд түргэн хоол идэх, согтууруулах ундаа хэрэглэхийн оронд эрүүл сонголт хийхийг эрмэлзэх. Дасгал хөдөлгөөн нь стрессээс ангижрахад тустай. Йог нь маш сайн сонголт байж болох ч биеийн хөдөлгөөн шаардсан аль ч хэлбэрийн спортоор хичээлэж болно. Мөн сонирхол, хоббигоо хөгжүүлэн, гэр бүл, найзуудтайгаа цагийг өнгөрөөх. Өдөрт авдаг каффейны хэрэглээг бууруулан, гар утас, компьютер зэргийн хэрэглээгээ зогсоон тогтмол цагаар унтах хэрэгтэй.

Хязгаар тогтоох - Ажил, амьдралаа тусад нь байлгах. Техник технологи хөгжсөн одоо үед гар утаснаасаа ажлын и-мэйлийг гэртээ шалгахгүй байх, мөн хоолны цагаар утсанд хариулахгүй байх зэрэг алхмыг  хэрэгжүүлэх боломжтой. Ингэснээр ажлын стрессийг гэртээ үргэлжлүүлэхгүй ангид байх юм.

Өөрийгөө цэнэглэх цаг гаргах - Та өөрийгөө стрессээс холдуулахын тулд эрч хүчээ олж авах цагийг өөртөө олгох хэрэгтэй. Боломж байвал амралтаа аван, дуртай зүйлээ хийж түр ч гэсэн ажлаасаа холдсоноор танд эрч хүчээ олж аван, ухаан бодлоо цэгцлэх боломжийг олгоно.

Тархиа амрааж сурах - Бясалгал хийх, гүнзгий амьсгалах техникуудыг сурах,  мөн өөрийн бодол санааг төвлөрүүлж сурах нь стрессийг зайлуулахад тусална. Энгийн техникуудыг өдөр тутамдаа хийж эхэлснээр анхаарлаа төвлөрүүлэхэд суралцах боломжтой.

Даргатайгаа ярилцах - Гомдоллох биш, ажлаа үр дүнтэй хийхэд ямар алхмыг хийвэл ажлын бүтээмжийг дээшлүүлж болох мөн стрессийг бууруулах боломжтой талаар ярилцах. 

Гэр бүл болон мэргэжлийн хүнээс туслалцаа авах - Тулгамдаж байгаа асуудлаа хэн нэгэнтэй ярилцах эсвэл мэргэжлийн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.


Эх сурвалж: https://www.apa.org/