Хүнгүй бол ямар ч гайхамшигт бүтээл, хөшөө цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн хөндий хоосон. Цэлийсэн гудамж, талбай, ханхай спорт цогцолборууд, машингүй зам...Цонхоор харахад дэлхий сүйрсэн мэт дүр зураг. Хаа нэгтэй үзэгдэх хүмүүс нэгэнтэйгээ таарахгүй хичээн амаа даран өнгөрцгөөнө. Харагдаж үзэгдэхгүй дайснаасаа эмээж цээж дүүрэн айдас хөндүүрлэх цаг үе хэзээ өндөрлөхийг таашгүй. 

Нью-Йорк хот.Гатлага онгоц дээр нар жаргахыг ганцаараа харж суугаа бүсгүй.Photograph: Caitlin Ochs/Reuters

Гэхдээ бүх зүйл харагдаж байгаа шигээ биш нь сайхан.

Гудамж, томоохон барилгууд эзгүйрсэн ч бид гэр гэртээ хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлж байна. Хүүхэдтэйгээ тоглоно гэж амласан ч ажлын цагтаа баригдан, замын түгжрэлд бачууран суудаг цаг хугацаа хэсэг түр амсхийжээ. Уулзалт руу яарч утасны цагаа үл харна. Гэрээсээ ажиллангаа, үрсийнхээ тоглож, ярьж шулганахыг нь сонсох тэр мэдрэмж зүрхийг минь дүүргэх шиг санагдана. Цаад өрөөнд өсвөр насны охин минь хаалгаа хаан номоо уншиж байна. Хэд хоногийн өмнө үсээ буржийлгаж, толины өмнө эргэлдэхийг нь анзаарав. Тэр минь том болжээ. Үүнийг хэзээ хэзээнээс ч илүү анзаарч байна. Үнэндээ охиныхоо өсөж байгаагаас илүүтэй өрөөнийхөө залуухан бүсгүйн сонирхол, таашаал хэрхэн өөрчлөгдөж байгааг би илүү мэднэ гэдгээ хүлээн зөвшөөрнө. Өглөө үнсээд гарсан үрстэйгээ үдэш болоход уулзана. Замын түгжрэлд хамаг цагаа хулгайлуулчихдаг бидэнд амралтын өдрийг бодвол дотоод ертөнц рүүгээ өнгийх цаг гардаггүй байснаа мэдрэв. Хоол аягалахын тулд хэн нэгэн рүүгээ утасдан ирж байгаа эсэхийг нь лавлах бүр ч хэрэггүй. Халуун бүлээрээ халуун хоолоо идэх нь жаргал биш гэж үү.

Айхтар вирусийн ачаар нүргээнт орчлон түр амсхийж байх шиг. Юунд ч юм бэ дандаа яардаг хэдэн мянган хүмүүсийн зүрх сэтгэл ч ажин түжин. 

Завгүй амьдрал биднээс юуг авдаг, бидэнд юу өгдөг юм бол?

Амьдралыг, ажлыг, амжилтыг, мөнгийг, цаг хугацааг хэмжих хүмүүсийн ойлголт лав өөрчлөгдөх байх аа, энэ хэсэгхэн хөл хорионы дараа...

Бүх зүйл цаг хугацаатай. Тээр жил нэг айхтар вирус дэгдээд дэлхийн хүмүүс бүгдээрээ гэртээ бүгэж билээ гэж дурсаж суух биз ээ.