Батчулууны Чимэдлхам "Хүмүүн" номын редакцийн эрхлэгчээр ажилладаг. Өдгөө Германы Эрфурт хотод амьдарч суралцаж байна.


Ажилла, ажилла, сайн ажилла
Оройн 22 цагт ажлаа дуусгаад айлаас очиж хүүгээ аваад гэрийн зүг гэлдэрч явлаа. Аль хэдийн унтах болсон хүү маань миний нуруун дээр үүрэглэнэ. Дөнгөж 25 хүрч байсан би ингэж ажиллахгүй бол амьдрахгүй юм шиг санадаг байж.
Ажиллах, хөдөлмөрлөх хоёрын ялгааг мэдээгүй явсан тэр үе. Нийгэмд байр сууриа олж, юманд хүрчих санаатай хичээнэ.
Үнэндээ завгүй амьдрал бүгдийг үгүй хийдэг. Ажил дээрээ амьдралаа бодоод завгүй. Ар гэртээ мөнгө бодоод завгүй.
Улаанбаатарчууд тэр аяараа завгүй. Замын түгжрэлд ороод завгүй, хүнтэй уулзаад орой завгүй, хүүхдээ хүргэж өгөөд завгүй, хүний сайн мууг хэлэлцээд завгүй, хууль дүрмээ зөрчөөд завгүй, хувийн амьдралаа босгоод завгүй, хахууль, арга хоёрыг амжуулаад завгүй.
Завгүй амьдралаас бий болсон хөнгөн амьдрал, чанаргүй үр дүнгүүд, мэдлэггүй дипломтонгууд. Учир нь завгүй хүмүүс тунгааж чаддаггүй. Асуудлыг нэг нэгээр нь нухацтай хэлэлцэж чаддаггүй. Нэг сэдвээс нөгөө рүү үсэрч нэг дор бүгдийг амжуулахыг хичээдэг. Юу сурч байгаагаа тунгаан бодох завгүй оюутнууд. Завгүй амьдралаас хурдан түргэн, гялс, яаралтай гэдэг үг моодонд оров. Хурдан турах, гялс амжуулах, яаралтай хийх. Хурдан хэл сурах, хурдан баяжих, хурдан нөхөрт гарах.... аанхаа тэгээд бид хэзээд нь амьдарч үзэх юм бэ? Эцэст нь амралтаа автал шууд сувилал санагдана. Завгүй амьдрал танд үргэлж гэнэтийн сюрпризийг бэлддэг. Гэр бүлийн хэрүүл, өвчин, хүмүүжилгүй хүүхэд... гэх мэт. Нэг л өдөр эхнэр тань хэрүүл өддөг болж, хүүхдүүд тань санаанд оромгүй зан гаргаж, та гүйж хөдөлж чадахаа больтол ядардаг болсноо мэдэрнэ. Яагаад? Та мэдэхгүй. Учир нь та завгүй байсан.
Ажилла, амар, сайхан амьдар

Өглөөний 7 цагт энд /Германы Эрфурт/ ажил эхэлж 16 цагт дуусна. Нар дээр байхад ажлаа дууссан хүмүүс гэр бүлдээ илүү цаг зарцуулж, хүүхдүүдтэйгээ өдөр юу хийсэн тухай ярилцаж, гадуур салхинд гарна, ганц бие залуус болзоно. Хүүхдүүд 20 цагт орондоо орсон байна. Орой бүр хоёр цагийг унших, амрах, эхнэр нөхрүүд ярилцахад зарцуулаад 22 цагт хот тэр чигтээ нойрсоно. Учир нь маргааш шинийг бүтээхээр урам зоригтой босохын тулд эрт амарцгаана.
Нэг өдрийн дотор хүмүүс ажиллаж, амарч, амьдардаг.
Өөртөө зав гаргадаг хүмүүс сурдаг, танин мэддэг, асуудлыг зөв тунгаадаг, бусдад бодох боломж олгодог, өөрийгөө хөгжүүлж хоббитой болж, эргэн тойрноо зөв ажигладаг.