Нийслэлийн хэмжээнд зургадугаар сарын байдлаар дүүргүүдийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа 6929 ажилгүй иргэд байгаагийн олонх нь оюутан залуус аж. 

Их, дээд сургууль төгсөөд ажил хайж байгаа оюутнууд болон зуны амралтаараа мэргэжлийнхээ дагуу төрийн албанд дадлага хийх хүсэл сонирхолтой оюутан залууст туршлага олгох үүднээс НЗДТГ-ын даргын тушаалаар “Туршлага 1 сар” аяныг эхлүүлэхээр боллоо.

Төрийн албанд ажилд орохын тулд ажлын туршлага чухал. Гэвч манай оюутан залууст суралцаж байгаа мэргэжлийнхээ дагуу төрийн албанд дадлага хийх боломж тэр бүр гардаггүй байв. 

Харин одоо ажил идэвхтэй хайж байгаа иргэд болон оюутан залуусыг долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 31-ний хооронд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад нэг сарын хугацаатай дадлага хийх боломж нөхцөлийг бүрдүүлж өгөөд байна. 

Түүнчлэн дадлагын хугацаанд тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг бүрэн хангаж байвал үргэлжлүүлэн төрийн албанд ажиллуулах боломжтой.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад дадлага хийж, ажлын туршлага хуримтлуулах хүсэлтэй иргэд, оюутан залуус НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст бичиг баримттайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.


Эх сурвалж: Нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс