Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 10.563.000 хүн өвчилж, 513.000 хүн нас баржээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 159.000 хүн коронавирусээр өвчилж, 4.000 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өмнөх өдрөөс өвчлөл 900.000, нас баралт 1.000 гаруй хүнээр нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Ялангуяа АНУ-д 35.000, Бразилид 33.000, Энэтхэгт 18.000 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. АНУ-д сүүлийн долоо хоногт өвчлөл хоногт 35.000 тохиолдлоос буурахгүй байгаа нь жагсаал цуглаан зохион байгуулсан, залуучууд шинж тэмдэггүй балархай хэлбэрээр өвчлөөд ахмадуудад халдварлаж буйгаас болж байна гэж судлаачид үзсэн. Мөн АНУ-д халдварын тархалтыг багасгах зааврыг хүмүүс мөрдөхгүй байна. Тухайлбал, амны хаалт зүүх, зай барих, гараа тогтмол угаах дэглэмийг мөрдөх нь бага байна. Ийм байвал цаашид өвчлөл өдөрт 40.000 биш 100.000-гаар нэмэгдэх хандлагатай байна гэдгийг тус улсын холбогдох албаныхан анхааруулсан. 

ОХУ-д сүүлийн 24 цагт нийт 6.693 хүн шинээр өвчилж, 154 хүн нас барсан байна. Улмаар өвчлөлийн тоогоор дөрөвдүгээрт орж байна. Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 38-125 тохиолдлоор нэмэгдсэн. Ялангуяа Тувад сүүлийн хоногт шинээр 125 хүн өвчилж, нийт өвчлөл 4.485 болж, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд доголдол үүсэх хандлагатай болсон байна.

Манай улсын хувьд өчигдөр 16 хүн ажиглалтад орж, 31 хүн ажиглалтаас гарсан. Одоо нийт 2468 хүн ажиглалтад байна. Үүнд 1-5 насны хүүхэд 118, жирэмсэн эмэгтэй 53, архаг хууч өвчтэй 332 хүн байна. Тэдэнд 42 их эмч, 74 ресидэнд эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна" хэмээлээ.