ОТТАВА. /TASS/Канадын агаарын тээврийн “Air Canada” компани “Boeing 737 MAX” загварын нисэх онгоцуудын бүх нислэгийг цуцлах хугацааг 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр хүртэл сунгасан тухай телевизийн “Global News” суваг мэдээлжээ.

Канадад “Boeing 737 MAX” загварын нисэх онгоцуудын нислэгийг гуравдугаар сарын сүүлээр түр зогсоосон байна. Хоригийн хугацаа наймдугаар сарын 1-нд дуусах аж. “Global News” сувгаар мэдээлснээр, “Air Canada” компани ийм загварын нисэх онгоцуудаар өмнө нь үйлдэж байсан нислэгийн хуваариудыг хэдийнэ засварлаж дууссан байна.

“Air Canada”, “West jet” болон “Sunwing” гэсэн Канадын агаарын тээврийн гурван компани “Boeing 737 MAX” загварын 41 нисэх онгоц ашиглаж байсан бөгөөд “Air Canada”-гийн паркт ийм загварын 24 онгоц байдаг аж.  

“Boeing 737 MAX” загварын хоёр нисэх онгоц осолдож, 346 хүн амиа алдсаны дараа ОХУ, АНУ, ЕХ-ны орнууд зэрэг дэлхийн олон улс аюулгүй байдлыг хангах үүднээс ийм нисэх онгоцыг нислэгт ашиглахыг түр зогсоосон билээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг