Мал эмнэлгийн ерөнхий газрыг өнгөрсөн 6 дугаар сарын 1-нд Засгийн газрын тогтоолоор байгуулсан. Харин Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар аймгийн мал эмнэлгийн газар, сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийг байгуулахаар шийдвэрлэлээ.

Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг "Дээрх шийдвэр гарснаар Монгол Улсын Засгийн газар малынхаа эрүүл мэндийг хянах хяналтыг бүрэн гартаа авах боломж нээгдэж байна. Манай улс 66.2 сая толгой малтай. Энэ жил 18 сая төл хүлээж авсан. Нийт 80 гаруй сая малтай боллоо. Тэгэхээр одоо малын өвчин гарахад нь тэмцдэг биш, урьдчилан сэргийлдэг болох бүтцийг бид хийж байна. 

Монгол Улсын Засгийн газар цаашид малаа 100 хувь вакцинжуулах, малын гоц халдварт өьчнөөс урьдчилан сэргийлэх шинэ бүтэцтэй болсон түүхэн шийдвэр гаргалаа. Боловсон хүчин бол боломжийн байгаа. Бид урьдчилан аймаг тус бүрийн хүнс, хөдөө аж ахуйн газартай холбогдож, аймаг сумдад байгаа малын их, бага эмч нарын судалгааг гаргасан. Эмч нар бол хангалттай байна. Цаашид тэднийг чадавхижуулах, дахин сургах асуудалд яам анхаарал тавьж ажиллана" хэмээн мэдэгдлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийн мэдээллийг хүргэж байна.