УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг "Тус хуулийн төслийн 29.4-т төрийн албан хаагч, төрийн өмчит компанийн удирдлагууд орон нутгийн сонгуульд нэр дэвших бол 4 дүгээр сарын 1-нээс чөлөөлөгдөхөөр байсныг 8 дугаар сарын 1-н гэж оруулсан байна. Ингэж хойшлуулах ямар үндэслэл байна вэ. Хойшлуулаад сонгуулиас хоёрхон сарын өмнө ажлаас чөлөөлнө гэж байхаар сонгуульд нэр дэвших эрхээ авчихаад ажлаасаа чөлөөлөгддөг болгочихвол зүгээр юм биш үү. Орон нутгийн ИТХ гэдэг чинь орон тооны бус хурал. УИХ-ын сонгуультай адилтгаж авч үзэх шаардлагагүй. Тиймээс хоёр болон зургаас сарын өмнө чөлөөлөх шаардлага байна уу" хэмээн асуулаа.

Хариуд нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар "4 дүгээр сарын 1-нээс чөлөөлөхөөр сумын ИТХ-д нэр дэвших гэж буй төрийн өлбан хаагч ИТХ-ын сонгуулиас зургаан сар 15 хоногийн өмнө ажилгүй болчихож байна. Тэгэхээр цалингаараа амьдарч буй тухайн айлын ахуй амьдралд хүндээр тусч байна. Цаашлаад урт хугацаанд цалингүй болох тул сумын ИТХ-д боловсролтой, чадвартай хүмүүс нь нэр дэвшихгүй байх асуудал гарч байна.

Улсын хэмжээнд ИТХ-д 7000 хүн нэр дэвшдэг юм байна. 21 аймгийн Засаг дарга, ИТХ-ын нар уулзаж, энэ сонгуулийг УИХ-ын сонгуультай адилтгаж, зургаан сар, 15 хоногийн өмнө чөлөөлж, цалингүй болгох нь буруу шийдвэр гэж шаардлага хүргүүлсэн. 

Нэр дэвших эрхээ авснаар ажлаас нь түдгэлзүүлдэг болъё гэсэн саналыг ярьсан. Тэгэхээр цаана нь улсын ажил цалгардана гэж олон хүн үзсэн.  

Бидний урьдчилан тооцож буйгаар 8 дугаар сарын 15-н гэхэд ИТХ-д нэр дэвшигчид нэр дэвших хүсэлтээ илэрхийлнэ. 8 дугаар сарын 1-нд ажлаасаа чөлөөлөгдөөд 15 хоногийн хугацаанд нэр дэвшихтэй холбоотой материалуудаа бүртгүүлж, тодорхойлолтуудаа гаргаж өгнө. Сонгууль 10 дугаар сарын 1-ний орчим болно гэж тооцоолсон" хэмээлээ.