Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас Дэлгэрхаан сумын Засаг даргын тамгын газар, Хэрлэнбаян-Улаан тосгоны Захирагчийн ажлын албатай хамтран энэ сарын 3-6-ны хооронд тус тосгоны аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтын байдалд хяналт тавьж ажилласан байна.

Уг хяналт шалгалтын явцад тус аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулсан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 12 малчин өрх, Дэлгэрхаан сумын 10 малчин, Багануур дүүргийн найман малчин, Улаанбаатар хот, Төв, Хөвсгөл аймгийн тус бүр нэг малчин өрхөд отрын бүс нутгийг чөлөөлөх талаар албан мэдэгдэл хүргүүлжээ.

Цаашид отрын бүс нутгийн бэлчээр ашиглалт, хамгаалалтыг сайжруулахад чиглэсэн хяналт шалгалтын ажлыг тогтмолжуулан, зөрчил гаргасан иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулан ажиллана гэдгээ Аймаг дундын отрын бүс нутгийн захиргаанаас мэдэгдэж байна.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ