Тавантолгойн бүлэг ордын нүүрсний олборлолт жил бүр нэмэгдсээр байгаа билээ. Гэхдээ энд нүүрс ямар үнэтэй вэ, улсын төсөвт хэр их мөнгө оруулсан бэ гэхээс илүү эрдэнэт хүний амь ямар үнэтэй вэ гэдэг дээрээ яригдах хүртлээ асуудал хүндрээд байна. Сүүлийн найман жилийн хугацаанд энд 50 гаруй залуу амь насаа алдсан, дунджаар өдөрт 4-5, сардаа 125 орчим осол гарч, 1 хүний амь нас хохирдог гээд дурьдаад байвал Таван толгой бүлэг ордыг тойрсон сэтгэл эмзэглүүлэм баримт дэндүү их. Таван толгой тойрсон хүний эрхийн асуудал судалгаа баримтайгаа гарчихсан цаашлаад Хүний эрхийн Үндэсний комиссоос Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг түр хаах зөвлөмжийг хүртэл өгчихөөд буй.

Энэ үед уг асуудлаар эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб “Тавантолгойн ордын эдийн засгийн үр өгөөж ба Хүний эрх” сэдвээр эдийн засагчид, хүний эрх болон байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг оролцуулсан хэлэлцүүлгийг өрнүүллээ. 

Хэлэлцүүлэгт ХЭҮК, Монголын Олборлох үйлдвэрлэлийн Ил тод байдлын санаачилга (ОҮИТБС), Монголын Байгаль орчны иргэний зөвлөл зэрэг байгууллагын төлөөлөл, эдийн засагч, судлаач, сэтгүүлчид оролцож Тавантолгойн ордын үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний талаар хэлэлцэж, хэвлэл мэдээлэл, олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлын төвд хүргэхээр болсон юм.

Агаарын тоосжилт нь дээд цэгтээ хүрсэн энэ газар уг нь Монгол улсын нийт агаарын бохирдлын төлбөрийн дийлэнх хувийг бүрдүүлдэг. Зөвхөн Эрдэнэс Тавантолгой компанийн 2018 оны батлагдсан төсвийг үзэхэд энэ онд агаарын бохирдлын төлбөрт 10 тэрбум төгрөг төлөхөөр гарчээ. Гэтэл ямар ч арга хэмжээ аваагүйгээс тоосжилтын нөлөөлөл зөвхөн уурхай, замын ойр орчимд биш 10-20 км-т нутаглаж байгаа малчин айлуудын малын эрүүл байдалд хүртэл нөлөөлсөн гэж  “Өөрчлөгч” клубын сэтгүүлч Д.Даваадулам дурьдсан юм.


ТАВАН ТОЛГОЙ НҮҮРС ТЭЭВРИЙН ЗАМ ДАГУУ ЗОРИУЛАЛТЫН БИЕ ЗАСАХ ГАЗАР  Ч АЛГА

/ХЭҮК-ийн ажлын албаны дарга Ч.Алтангэрэл/

“Цогт Цэций сумынхан гэхэд Эрдэнэс Тавантолгой компанийн уурхайгаас Гашуунсухайтын зам хүртэлх нүүрс тээвэрлэлтийн шороон замаас болж амьсгалахад ч хүнд нөхцөлд аж төрж буй. Энэ бүсэд байнгийн бус хөдөлгөөнт хүн амтай. Монгол улсын бараг аймаг сумдаас хүмүүс цугларсан, гэвч энэхүү хөдөлгөөнт хүнд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний зардал жил бүрийн төсөвт тусгагддаггүй ажээ. Өнгөрсөн жил Цогт Цэций сумын өвчлөл 4000 орчим гарчээ. Энэ бусад сумын эмнэлэгтэй харьцуулахад 15-20 дахин ачаалалтай ажиллаж байгааг нотлож байна. Мөн Тавантолгойн нүүрсийг тээвэрлэж байгаа 12 000 жолооч нарын 90 хувь нь эрүүл мэндийн анхан шатны оношилгоо, эмчилгээнд хамрагдах боломжгүй байгаа нь судалгаагаар гарсан. Жолооч нарын даатгалыг хариуцдаг ААН тун цөөн. Нэрлэвэл Энержи Ресурс цөөн хэдэн эрх бүхий ААН-үүд л жолооч нараа эрүүл мэндийн болон бусад төрлийн даатгалд хамруулдаг. Нүүрсний тээврийн жолооч нар  зориулалтын машин зогсоол, тог цахилгаан, усан хангамж, стандартын бие засах газаргүй газаргүй. Тавантолгой нүүрс тээврийн замын дагуу эмнэлгийн болон онцгой байдлын салбар нэгж байхгүй, БНХАУ-ын нутаг дэвсгэрт Монгол Улсын иргэний хувьд эрхээ хамгаалуулах боломжгүй



ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ ХК-ИЙН НЭГ АЖИЛТАНДАА ОРУУЛСАН МӨНГӨ ДЭНДҮҮ БАГА

/“Гложекс майнинг консалтинг групп” ХХК-ийн ерөнхий захирал, эдийн засагч Л.Наранбаатар/

2000 онд 1 сая тонн нүүрс олборлоход ослоос үүдэж 5 хүн амь насаа алдсан баримт бий. Энэ тоо буурсан ч байдал хүнд хэвээрээ. 2000 онд Хятад яг ийм нөхцөл байдалтай байсан ч технологио сайжруулсаны хүчинд ослыг багасгаж чадсан. Тиймээс бид нүүрсээ гаргахаасаа өмнө хүний амь насыг онцгойлон авч үзэх ёстой.  Судалгаанаас үзэхэд Эрдэнэс таван толгой ХК-ийн хувьд өнөөдөр 1 сая нүүрсний үнэ 1,3 хүний амь насаар төлөгдөж байна. Энержи ресурсын хувьд 0.073 буюу осол тун бага. Ихэнх осол улсын төрийн өмчит Эрдэнэс таван толгой компанид гарч байгааг анхаарч үзэхээс өөр аргагүй болчихлоо. 

Нүүрс тээвэрлэгч компаниуд өөрсдөө ажилтнуудынхаа тав тухтай орчин бүрдүүлж, хүндээ анхаарсан хөрөнгө оруулалт хийж аюулгүй байдлыг нь хангах ёстой. Миний хийсэн судалгаагаар Энержи ресурс компанийн хувьд ажилчдын байр, сургууль, цэцэрлэг зэргийг цогцоор нь шийдсэн. Гэтэл Эрдэнэс таван толгой ХК-ийн санхүүгийн тайлан балансыг үзэхэд нэг хүнд оруулсан хөрөнгө нь ердөө 400 мянга гарчээ. Энержи ресурын компанийн хувьд нэг ажилтандаа оруулсан хөрөнгө нь 42 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Ийм л ялгаатай байдлаар ажилтнуудынхаа ая тухтай байдалд хувийн болон төрийн өмчийн компаниудад өөр хандаж байгааг харж болно.  Ийм үнэ цэнтэй олборлосон нүүрсийг шал өөр дүн гарч байна. Төрийн өмчит Эрдэнэс таван толгойн компанийн нэг тонн олборлосон нүүрсээ татварын дараа 4,3 долларын татварын дараах цэвэр ашигтайгаар заржээ. Энержи ресурс компанийн хувьд энэ ашиг нь 11,2 доллар байна. Бүхэл бүтэн 7 долларын зөрүүтэй. Өндөр ашгийн зөрүү нь хувийн болон төрийн өмчийн ялгааг харуулж байна. 

Ер нь энэ байдлаар төмөр замгүй байхгүй Таван толгой үнэ цэнгүй хэвээрээ л байна. 


Эх сурвалж: Тавантолгой: Хүний эрхийн зөрчил ба алдагсан боломжийн өртөг, илтгэгч Л.Наранбаатар, уул уурхайн инженер-эдийн засагч, 2018-10-31

МОНГОЛ УЛСАД ХАМГИЙН ИХ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ БАЙГАА БАГАА ТӨР ХӨСӨР ХАЯЧИХСАН

/Өмноговь аймгийн "Алтан нутгийн говь" сонин сэтгүүлч Адьяа/

Цагаан хад бол Өмнөговь аймгийн Хайрхан сумын багын нутаг дэвсгэр. Гэтэл Монголын төр үүнийг орхигдуулчихсан учраас усгүй, тоггүй, дэд бүтэцгүй явж ирсэн. Энэ дээр заавал ярих асуудал бол статусын асуудал. Уг нь энэ боомт Монгол улсад хамгийн их мөнгө оруулж байгаа. Гэтэл хөсөр хаячихсан. 20 мянган хүн суурьшиж байгаа хэрнээ ихэнх нь бүртгэлгүй. Эдгээр хүмүүст эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхийн тулд сумын төсвөөс зулгааж ирсэн нь нууц биш. Төр үүнийг орхигдуулсаны жишээ нь ямар ч хариуцах агентлаг байхгүй. Маш олон тооны эрх өгчихсөн учраас зам дээрээ багтахгүй шахам машинтай, зам нь маш их эвдрэлтэй. Тэр эвдрэл, нүхийг нь тойрох гэж яваад жолооч нар урсгалаа сөрж ороод осолд орж байна.

Нүүрс тээврийн зам дагуух олон гэр, хоолны газар, засвар үйлчилгээний газрууд, тэдгээрийн зохион байгуулалт, төлөвлөлтгүй орчинд хог хаягдал хуралдаж, орчныг бохирдуулж байна. Гашуун сухайтын авто замын эхлэлээс 4 болон 6 дахь км-т төлөвлөлт, зохион байгуулалтгүй худалдаа, үйлчилгээний цэг үүсч, олон тооны гэр, зөөврийн байшин замбараагүй бөөгнөрсөн байдалтай байна.

НҮҮРСНИЙ УУРХАЙН ТЭЭВЭРТ ОСЛООР НАС БАРСАН ХҮНИЙ ТОО,1САЯ.ТН НҮҮРС ОЛБОРЛОЛТ ТУТАМД