Улаанбаатар хотын агаарын бохирдлын 08.00 цагийн үед агаарын чанарын индексийн мэдээгээр хамгийн бохирдолтой газраар Баянхошуу орчмыг зааж байв. Баянзүрх болон Чингэлтэй дүүргийн зарим газрууд ч бас энэхүү тоотой дүйцэхүйц утаатай болохыг agaar.mn-ээс харж болно. Харин хамгийн бага бохирдолтой газрын тоонд өнөөдөр Бөхийн өргөө болон 100 айл орчим багтжээ. Энэ хэсэгт агаарын чанарын индекс хэвийн буюу 59-79 байна.

Улаанбаатарын агаарын найрлаганд PM10 болон  PM2.5 нь хүлцэх хэмжээнээс хэт өндөр мөн хүний биед хортой хүхэрлэг хий, нүүрстөрөгчийн болон азотын дутуу исэл гэх мэт хий агуулагддаг. Нүүрстөрөгчийн дутуу исэл уушгиар дамжаад цусанд орчихоороо цусан дахь улаан эстэй холбогдчихдог. Ингэснээр хүчилтөрөгч эд эсүүд рүү очиж чадахаа больсноор бидний бие эрхтэн хүчилтөрөгчөөр дутагдаж бодисын солилцооны алдагдалд ордог ажээ. Үүнээс болоод зүрх судас, амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин цаашлаад агаарын бохирдлын удаан хугацааны нөлөөгөөр хорт хавдар үүсдэг гэдгийг Цахим Эмч” ТББ-ын тэргүүн, хүний их эмч Б.Баярбямба онцоллоо. Агаарын бохирдол эрс ихэсдэг өвлийн улиралд иргэд өөрсдийн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаархи мэргэжлийн эмч болон олон улсын судлаачдын зөвлөгөөг хүргэе.

1.Машинаас аль болох татгалз

Машингүй явах нь эсрэгээрээ таны эрүүл мэндэд, уушгинд сайнгүй гэж хүмүүс эндүүрдэг. Гэтэл үнэндээ явган алхах, унадаг дугуйгаар явахаас ч илүү таныг хордуулдаг. Энэ нь автомашины агааржуулалтын системээр дамжин хортой хүнд металиуд машины дотор агаарт эргэлддэгтэй холбоотой. Үүнээс болж автомшинд сууж явах үед дотор муухайрч, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Тэгэхээр та байнга машинаар явдаг бол хорт хийг тогтмол тунгаар залгидаг гэсэн үг. Яг үүнтэй холбоотой хийсэн судалгаа бий. ДЭМБ-ын 2014 онд хийсэн судалгаагаар машинаар зорчдог хүмүүсийн эрүүл мэндийг яг ижил маршрутаар дугуй унаж явдаг хүмүүстэй харьцуулжээ. Ингэхэд автомашинаар явдаг хүмүүс нарийн ширхэгт тоосонцрын (PM) бохирдолд илүү их өртдөг нь батлагджээ.

PM10 нь үсний диаметрийг тав хуваасны нэгтэй тэнцдэг бол PM2.5 нь үүнийг дахин дөрөв хуваасантай тэнцэх нарийн хэмжээтэй тоосонцор юм. PM2.5-ыг амьсгалын замын хамгаалах тогтолцоо гадагшлуулж чаддаггүй учраас амьсгалын гуурс цаашлаад хийн солилцоо явуулах хэсэг дээр суучихдаг. Энэ нь астма, бронхит өвчин үүсэх эрсдэлт хүчин зүйл болдог гэв. Одоогийн Улаанбаатарын агаарын бохирдол нь астма, бронхитоор өвчлөх суурь нөхцөл нь болчихоод байгааг эмч нар онцолдог. 


2.Аль болох хөдөлгөөн багатай замыг сонгон алхаж, унадаг дугуй унаж байгаарай

Автомашины хөдөлгүүрийн дутуу шаталтаас үүсэх хар тугалга газраас дээш 70-80 см-ийн түвшинд хамгийн их тархдаг. Иймээс хүүхдүүд хурдан түрүүнд хар тугалгаар амьсгалах магадлалтай учраас хүүхдээ аль болох тэвэрч яваарай. Хэдийгээр өмнөх зөвлөгөөнд алхахыг зөвлөсөн боловч аль болох төв зам дагуух явганы хүний замаас татгалзан туслах буюу хөл хөдөлгөөн багатай замыг сонгоорой.

Ингэснээр агаарын бохирдолд өртөх магадлал эрс буурдаг талаарх судалгааг Лондонгийн Кингс Коллежийн судлаажид Лондон хотын төвд хийсэн судалгаагаар баталжээ.


3.Цонхоо онгойлго, гэртээ агаар цэвэршүүлэгч ажиллуул

Хэрэв утаатай гээд цонхоо онгойлгохгүй бол агаарын ямар ч солилцоогүй болж агаар дахь бактер, вирус үржих аюултай. Мөн орон сууцны халаагуурын дулааны нөлөөгөөр агаар хуурайшиж чийгшилгүй болдог. Иймээс агаар цэвэршүүлэгчээс гадна гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, agaar.mn-ээр харж байгаад утаа багассан үед цонхоо онгойлгохыг эмч нар зөвлөж байна. Үүнээс гадна хийн болон тоосонцрын агууламжаараа гадаад орчны бохирдол илүү хоруу чанартай ч бидний байх хугацаа арай бага юм. Харин гэр, ажлын орчинд амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлдэг учраас дотоод орчны бохирдол илүү хор хөнөөлтэйг анхаарч агаар цэвэршүүлэгч хэрэглээрэй.

Автомашинаас ялгарч байгаа хийн найрлагад 270 гаруй төрлийн хорт бодис байдаг нь тогтоогдсон учраас хэрэв төв зам дагуу байртай бол цонхоо онгойлгохоос илүү агаар цэвэршүүлэгчээ ажиллуулах нь илүү үр дүнтэй.


4.Амны хаалтаа зөв сонгох чухал


Нүүрс болон автомашинаас ялгарч буй РМ 2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор нь хүний нүдэнд харагддаггүй. Тиймээс тэрхүү хорт хий болон тоосонцороос хамгаалах аргаа хэмжээ авах чухал. Эхний алхам бол амны хаалт зүүж занших. Амны хаалтыг сонгохдоо хэр удаан хугацаанд шүүхийг нь харж авах ёстой. Сүүлийн үед сольдог филтертэй маск худалдаанд гарчихсан. Хэрэв угааж цэвэрлэж сольж хэрэглэхгүй бол бохирдчихоороо эргээд амьсгалын замын халдварт вирус, бактери үржиж эхэлдэг. Шүүлтүүртэй амны хаалт сонгохдоо дараах тэмдэглэгээг харах хэрэгтэй.

  • FFP1 нь маск нарийн ширхэгтэй тоосонцор PM2.5-ыг 80 хувь 
  • FFP2 маск нь 85 хувь
  • FFP3 маск нь 90 хувь шүүдэг.


5. Ууланд гар, усан спортоор хичээллэ

Уушги цэвэрлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга нь ууланд алхах. Шилмүүст ойд хоёр цаг алхахад нус цэр гарч цээж онгойдог. Энэ нь уушги цэвэрлэгдэж байгаагийн шинж юм.

Утаатай үед гадаа гарч дасгал хийхээс илүүтэй долоо хоногт нэг удаа усан спортоор хичээллэх илүү үр дүнтэй. Усан бассейн дэхь усны мандлын дээд хэсгээр хүчилтөрөгчийн агууламж их байдаг учир хүчилтөрөгчийг хангалттай авдаг. Мөн амьсгалын замыг бүрэн гүйцэд цэвэрлэж өгдөг давуу талтай. 


6.Чацаргана, аньс хоргүйжүүлэх үйлчилгээтэй

Байгалийн гаралтай жимсгэнэ болох чацаргана, нохойн хошуу,  нэрс, аньс жимсүүд хэрэглэж биеэсээ хорыг гадагшлуулах боломжтойг “Оточ Одь” эмнэлгийн ерөнхий эмч, Монгол Улсын хүний гавьяат эмч П.Баатар эмч зөвлөлөө. Бидний уламжлалт хүнс аарц, цайны ургамал ч бас антиоксидант, витамин C маш өндөр агуулдаг учраас дархлаа сэргээж хоргүйжүүлэх үйлдэлтэй ажээ. Аарц сүүн бүтээгдэхүүн учраас уургийн молекулаараа дархлааны тогтцолцоог дэмжиж өгдөг. Монголчууд өвөлдөө идэш гаргадаг нь уураглаг хүнс хэрэглэж дархлаагаа дэмжих энгийн хэлбэр юм.

Мөн ингэний хоормогны амин хүчлүүдийн агууламж маш өндөр учраас сонгон хэрэглээрэй. Тэрхүү амин хүчлүүд нэгдэж байж уургийг үүсгэнэ. Уургийн нэгдлүүд идэвхтэй байж дархлаа тогтолцоо зөв явагддаг байна.


7. Ногоо ид, бүү стрессд

Дан ганц утаанаас цус бохирдохгүй. Уур бухимдлаас болж хүний биед хортой бодис үүсдэг ажээ.Тэгэхээр стресст өртөхгүй байх нь өөрийгөө хордуулахаас хамгаалах энгийн арга юм. Дэлхий дахинд уушгиа хамгаалах янз бүрийн арга хэрэгслийг туршиж байна. Хамгийн сүүлд Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанд цэцэгт байцааны шүүс гайхалтай үр дүнтэй болохыг The Telegraph-т бичжээ. Уг шүүсийг дөрвөн өдөр уусан хүмүүсийн дунд дизель түлшний утаагаар амьсгалснаас үүдсэн хамрын хөндийн үрэвсэл эрс багассан байна.