Засгийн газар өнөөдрийн ээлжит бусаар хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барих чиглэл өгчээ.

Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр "Сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг барих үүргийг Ерөнхий сайд У.Хүрэлсзх холбогдох албанынханд өгсөн. Тус үйлдвэрийг Амгалангийн орчимд барихаар ярьж байсан ч Налайх дүүрэгт барих чиглэл өглөө.

Налайх дүүрэгт барих болсон нь хэд хэдэн ач холбогдолтой. Нэгдүгээрт, тус дүүргийн агаарын бохирдол багасна. Хоёрдугаарт, шинээр үйлдвэр ашиглалтад орж буй учир 1500 ажлын байр бий болно. Гуравдугаарт, Улаанбаатар хотын зүүн хэсгийг сайжруулсан шахмал түлшээр хангана. Налайх дүүргээс нааш төмөр замаар холбогдсон учир шууд галт тэргээр зөөвөрлөж оруулж ирнэ.

Үйлдвэрийн барилгын ажил энэ хавар эхэлж, өвөл ашиглалтад орно. Өнгөрсөн жил Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 40-50 хувь бууруулах зорилт тавьсан. Хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор хотын агаарын бохирдол 70-80 хувь буурна гэж үзэж байна. Хүчин чадал нь өмнөх үйлдвэртэй яг ижил байна" хэмээн мэдээллээ.