Хөвсгөл аймагт аялж, жуулчлахдаа бид ихэнхдээ Хөвсгөл нуур, Дархадын хотгор, цаатангийн нутгийг зорих зураг гаргадаг. Дэлгэрмөрөний ай сав гээд тэр чигтээ байгалийн үзэсгэлэнт хийгээд түүхийн өв соёлыг хадгалсан нутгийг аяллын маршрутын гадна үлдээдэг гэж хэлэх гээд байна л даа. Тиймээс ч энэ ай савд эко аялал жуулчлал хөгжүүлж, нутагтаа, монголдоо түгээхийг зорьж ажиллаж  буй А.Эсмэдэх, түүний гэргий Н.Мөнхнасан нарыг ярилцлагадаа урьсан хэрэг. Эдний гэр бүл нутгийн урчуудын эд чимэглэлтэй, нүүдэлчин өнгө ахуйг илтгэсэн жуулчны бааз, усан, морин, үхэр тэргэн эко аяллаараа бусдаас ялгарч, Хөвсгөл нутгийнхаа нэрийг аялал жуулчлалын салбарт гаргаж явна. 

Ажиглахнээ, арав гаруйхан настай хөвгүүд, охин нь гар утас, компьютрийн дэлгэц ширтэх нь байтугай үеийнхэнтэй тоглож наадах цаг багатай эцэг эхдээ тусална. Ногоогоо тарина, модоо арчилна, дээл хувцсаа оёно, арьс ширээ элдэнэ, аялагчиддаа үйлчилнэ гээд зун цагт эднийх тун завгүй. 

Хөтөч, “Тултын тохой” баазыг үүсгэн байгуулагч А.Эсмэдэх: А.Эсмэдэх жуулчдын хамт

Би 1999 оноос хойш, 18 настайгаасаа л жуулчны хөтөч хийж эхэлсэн. Гэртээ ер нь ховор байдаг байсан л даа. Тэгээд өөрөө монгол ахуйг харуулсан жуулчны баазтай болохыг зорьж, Хөвсгөл нуур, Эг голын сав дагуу  газар хайж эхэлсэн. Гэрэл цахилгаан, нисэх буудалд ойр, боломжтой нутгийг нэлээн удаан хайсан.

Сүүлд нь хургаа хариулж, адуугаа манаж өссөн нутаг минь миний хүсч хайж байсан газар болохыг мэдэж, эрснээ олсон.

Монголыг зорьсон жуулчид онгон сайхан байгаль, мал аж ахуй, уламжлалт хоол хүнс бэлтгэлийг сонирхохоос биш гял цал шилтгээн аятай байшин суурин тэдэнд сонин биш л дээ. Тиймээс яг ийм эко аялал жуулчлалыг нутагтаа хөгжүүлэхийг зорьж, 2016 онд энэ баазаа байгуулсан.    Жуулчдын сэтгэгдэл

Боловсон бие засах, усанд орох газар, зөөлөн дулаан ор дэвсгэр, унд хоол байхад тэднийг сэтгэл хангалуун амрааж чадна. Дээр нь өөрсдийн тарьж ургуулсан ногоо, урлаж бүтээдэг  монгол эд хэрэглэл, хувцас хунар, эд өлгийн зүйлсээрээ үйлчилж, түүгээрээ суурингаа тохижуулахыг хичээсэн. 

Биднийг баазаа нээгээд жил болоогүй байхад Англиас ирсэн жуулчдын  багийн ахлагч их урам өгч байлаа. “Улаанбаатарт ирээд Архангай, Өвөрхангайгаар тойроод 20 гаруй хоног аялахдаа 10 гаруй жуулчны баазад буудалсан.  Хамгийн сайхан сэтгэгдэл үлдээсэн нь танай “Тултын тохой” гэж байлаа. Танай бааз чинь жижигхэн ч тав тухтай, сайхан байрлалтай. Гэхдээ гол нь өөриймсөг байж чаддаг. Ихэнх бараа үйлчилгээ чинь та бүхний сэтгэл шингэсэн гарын бүтээл байлаа гэсэн. Их урам авсан л даа.

“Монголын хамгийн тод дүрстэй буган хөшөөнүүд Дэлгэрмөрний сав газарт бий” 

Дэлгэрмөрөнгийн хөндий өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнтэй сайхан байгальтай, давтагдашгүй үүх түүхтэй нутаг. Дэлгэрмөрний хойд эргээс гурван километр хүрэхгүй яваад Уушигийн өвөр гээд улаан хүрэн боржин хадтай ууланд очно. Зарим нь сонсож үзсэн болов уу, зүүн урд өвөртөө хүрлийн үеийн булш хиргисүүр, хөшөө чулуунуудтай. Монгол орны хамгийн тод дүрслэлтэй буган хөшөөнүүдийг эндээс л үзэж болно. 14 буган хөшөөнд нийт 100 гаруй бугыг нягт нямбай сийлсэн байдаг.

Тав хүртэл м өндөртэй хөшөө ч бий. Мөн Уушигийн өврийг тойроод 500 гаруй хэрэгсүүр байгаа. Манай баазын зүүн хойно Шадар ван  Хотгойдын Чингүнжавын Ганжуур, Данжуур судрыг хадгалж үлдсэн гэх Ганжууртын агуй гээд хоёр том агуйтай. 

Жаахан алсхан гэвэл эндээс 30 аад км-ын зайтай Бүрэнтогтох сумын нутаг Дэлгэрхан уулын өвөрт Мөнх хааны хотын туурь балгас, Мөнх хааны гэрэлт хөшөө ч бий. Мөнх хаан Хөх балгастаа 125О аад онд амьдарч байсан гэдэг.

Хөшөөг нь босгох үед Мөнх хаан Хятадын Сүн улсад дайтаж явсан гэж түүхчид бичсэн байдаг юм билээ. Хөшөөлдсон балгасыг Мөнх хааны ордон болох Хөх балгас мөн байх гэж эрдэмтэд таамагладаг. Дэлгэр мөрний хөндий

Ер нь монголын, хүн төрөлхтөний түүхийн гэрч болсон түүхт газар, эд өлгийн зүйлс мөрөн голын сав газарт цөөнгүй бий. Даан ч бид түүхийн аялал жуулчлалыг тэр бүр сонирхож, анзаарахгүй, ач холбогдол өгөхгүй байна л даа. Ер нь аялал жуулчлалыг эмх цэгцтэй, зөв хөгжүүлэх нэг гарц нь аяллын олон маршрут гаргах юм. 

                        “Хөвсгөл далай далайтай Тэрэлж болчихжээ”

Хөвсгөл нуур бол аяллын чухал том чиглэл. Гэтэл өнөөдөр хүн, машины хөл хөдөлгөөнөөс болоод нуурын ус бохирдож, тэр хавийн экологийн тэнцвэр алдагдаж байна. Хог, шороо тоосноос эхлээд дотоодын аялагчид далайн усанд орж байгаа гээд Жанхайн даваа давахад л нөхцөл байдал хүнд. Ямар сайндаа “Хөвсгөл далай далайтай Тэрэлж болчихжээ” гэж халаглаж байхав. 

Гаднынхан биднээсээ илүү санаа зовдог юм шиг байгаа юм. Хөвсгөл нуурын баруун эрэг тэр чигтээ аялагчдын хөлд дарагдсан. Харин зүүн талаараа зам харгуй тааруу болоод ч тэр үү 20 гаруй л жуулчны бааз бий.

Тэнд нутгийн малчид түлхүү болохоор эко аялал жуулчлал хөгжүүлбэл нуураа цэврээр нь авч үлдэхэд тустай. Морь, үхэр тэрэг, дугуй гэхчилэн ердийн хөсгөөр аялахад галын үнс нурамнаас өөр мөр үлддэггүй. 

Машинтай аялал заавал зам гаргаж, хөрс эвдэнэ, дуу чимээ, тоос шороо, үнэр гаргана. Сүүлийн үед  дотоодын жуулчид Дархадын хотгороор их аялдаг болсон. 

Одоогоор тэндхийн байгаль нь онгон дагшин хэвээрээ ч цаашид ямар болохыг Хөвсгөл далайн өнөөгийн байдлаар жишээлж болох юм. Дархадын нутгийг хэвээр нь авч үлдэхийн тулд аяллын зөв, цогц бодлого яаралтай хэрэгтэй байна. Үйлчилж байгааг нь ч, аялагчдыг нь ч, малчдыг нь ч сургая, эко аяллыг хөгжүүлье л дээ. Дархадын хотгор, их тайгаа Хөвсгөл нуурын баруун эрэг шиг болгочихгүй юм сан.

              “Жуулчнаа гэх үү, нутгийн хүнээ гэх үү хэцүү л дээ”

Нөгөө талд жуулчидтай ажиллах үед бас нэг зүйл санааг минь их зовоодог. Монголд ирж байгаа жуулчдын гар дээр ихэнхидээ хуурамч бэлэг дурсгал, эд хэрэглэл очиж байна. Дандаа Хятадаас орж ирсэн дуураймал бүтээгдэхүүн. Зарж байгаа хүн нь "манай гар хийцний эд,  Хөвсгөл далайн чулуугаар хийсэн, нутгийн брэнд" гээл л худлаа ярьдаг. Жуулчид нь хөтчөөсөө, биднээс асууна. Жуулчнаа бодох уу, нутгийн хүнээ бодох уу хэцүү шүү дээ. Хятадаас оруулж ирсэн ноос ноолууран бүтээгдэхүүнээ монгол кашмер, хиймэл гоёлоо Хөвсгөл далайн чулуун зүүлт гэхчлэн зарна. Нүүр улас гээд л халуу дүүгээд явчихна. Жилдээ ганц орлого олдог тэднийг гэх үү, жуулчнаа гэх үү. Тиймээс нутгийнхны гар урлалыг дэмжиж, бүтээгдэхүүнийг нь борлуулдаг дэлгүүр нээе гэж санаад энэ жил байраа өргөтгөсөн. Яг өөрсдөө сур хазаараа бэлддэг, арьсаа элдэж эд хэрэглэл хийдэг, оёж хатгадаг, урладаг байя, түүнийгээ борлуулъя л даа. Бидэнд ийм боломж бүрэн бий.

               “Олон хүүхэдтэй хосууд шөнө нь яаж ажил төрлөө зохицуулдаг бол гээд”

“Тултын тохой” бааз эко аяллыг нутагтаа хөгжүүлэхийг зорьж ердийн хөсгийг санал болгодог. Дэлгэрмөрнийг завиар туулж Эрчмийн нурууг мориор давж, Төмөртийн аманд хонож өнжинө. Мөн Могойн амны үзэсгэлэнтэй газраар мориор, ердийн хөсгөөр аялуулдаг. Цаана нь Сангийн далай гээд эгц, олон мөргүүдтэйүнэхээр гоё тогтоцтой нуур бий. 

Мориор аялаад буцахдаа Дэлгэрмөрөн  голын урсгалыг дагаж завиар хөвөөд Тултын тохой дээрээ буцаж ирдэг.  Хар үзүүрээс нааш урсгал дагаж ирэхэд 2-3 цаг орчим болно.  

Бид аялах хугацаандаа жуулчдаа малчин айлд зориуд хүргэж, өнжүүлж, заримдаа хонуулдаг. 

Малчид илүү гэрээ бэлдээд үхэр мал саах, ноос ноолуураа самнах, айраг цагаагаа боловсруулах, заримдаа эсгий хийх гээд монгол малчин ахуй амьдралаа сонирхуулдаг. Гаднын жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг нь монгол нүүдэлчин ахуй. 

Арваад ам бүлтэй байж нэг гэрт яаж багтаад байгаа юм бэ, дахиад нэг гэр барьж  болоогүй юм уу, олон хүүхэдтэй энэ хосууд шөнө нь яаж ажил төрлөө зохицуулдаг бол гэх зэргээр асууж гайхаж, сонирхоно. Нэг айл ингэж үйлчлээд 150-200 мянган төгрөг авдаг.   

                “Үнэгүйдэж хаягдаад байгаа арьсаа элдээд хэрэглэчих юм сан” 

Оготны нүхнээс цус гаргаж үзээгүй гэдэг шиг ганц ч тарвага агнаж үзээгүй шүү. Хөтөч хийж эхэлснээс хойш жуулчдад сонирхолтой юм болов уу гэж бусдаас авч цуглуулдаг болсон. Өмнөговийн Сэрвээ сумаас аргаль, янгирын эвэр туруунууд олж ирж байсан. Мөн байгаль хамгаалагч нутгийн дүү, ирвэс судлаач Лхагвасүмбэрэл агсан маань бэлэглэж байлаа. 

Дархадын хотгороор явж байхдаа цаа, буга, хандгай, гөрөөсны эврийг нутгийн иргэдээс авч цуглуулсан. 

Нийтдээ 15 зүйл амьтны эвэр бий. Харин энэ хонь, ямааны арьс, үхрийн шир, адасгыг манай эхнэр бид хоёр өөрсдөө элдэж хэрэглэдэг. Бас хүмүүсээр ч элдүүлнэ. Үнэгүйдэж, хаягдаад байгаа арьсаа элдээд хэрэглээд сурчих юм сан гэж санадаг. Сүүлд цуглуулгадаа Монголын “Улаан ном”д орсон монгол орны тул загасны  чулуун сийлбэрийг нэмсэн. Тултын тохойд төвхнөж, энэ газрын нэрээр баазаа нэрлэсэн болохоор тул загас сийлүүлсэн хэрэг.

                          

                  “Дэлгэрмөрний хөндий хайрын төгөлтэй болно” 

Дэлгэрмөрний хөвөөн дээр хайрын төгөл байгуулах нь манай эхнэрийн санаачлага л даа. Нутгийн иргэд, хэн ч байсан энэ хөвөөнд ирж амрахдаа эсвэл зорьж ирээд мод тарьж байгаасай гээд хоёр га газарт хайрын төгөл байгуулахыг зорьсон. Арчилж хамгаалахыг нь бид хариуцна. Одоогоор манай гэр бүл агч, голт бор гээд гоёлын 100 гаруй, монос, мойл, чацаргана гэх зэрэг жимсний 200 шахам, улиасны 1000 ширхэг тарьц суулгаад байгаа.

Хөвсгөлөөс бусад бүх аймагт уул уурхай бий болов уу. Хариуцлагатай уул уурхай жинхэнэ утгаараа ажиллавал болж байна. Ихэнх нь ийм биш учраас Хөвсгөл аймаг уул уурхайгаас хол байх ёстой. Үр хойчдоо онгон байгалиа үлдээх нь бидний үүрэг.

                          “Дэлхийд ганцхан хувцас”-ны эзэн, эзэгтэй

                                            

Гэргий А.Мөнхнасан: Жуулчны баазаа бид гэр бүлээрээ л ажиллуулдаг. Ер нь бүх ажлаа өөрсдөө хийдэг дээ. Хүүхдүүд маань ч хирэндээ тусална. Бид бууцай, жууцай, өргөст хэмх, хулуй, төрөл бүрийн сонгино, чинжүү, шийгуа, улаан лооль гээд нарийн ногоогоо өөрсдөө тарьдаг. Энэ жил хоёр дахь хүлэмжээ барьсан. Эхлээд тогоочтой ажиллаж байлаа. Одоо бол өөрсдөө л хоол ундаа хийчихдэг болсон.

10 сарын дундуур жуулчдын хөл татрахаар оёдол үйлээ эхэлнэ. Ээж маань малаа маллахын хажуугаар нь дээл хувцсаа  оёод өмсчихдөг их уран хүн. Ээж, найзууд, бэртэйгээ нийлээд дээл хувцас оёж, голдуу жуулчид, амрагчиддаа борлуулдаг. Өнгөрсөн жил С.Жавхлангийн эхнэрийн дээлний загварыг хүмүүс их сонирхож байсан. Энэ жил аяллынхан их ирдэг учраас өдөр тутам өмсөх күрткэн дээлний загварыг гаргаж оёсон. “Тайга” дээл гэж нэрлээд байгаа. Монгол хувцсыг мөр залгаатай, карма, цахилгаантай, биед нь эвтэйхэн хийвэл гаднынхан их сонирхдог. Би дэлхийд ганцхан хувцас өмсчихлөө гээд л их бахархдаг. Өнгөрсөн жил гаднаас дээлний захиалга авсан ч захиалгыг нь гүйцэтгэж амжихгүй учраас татгалзсан. Ер нь манай баазын хэрэглэж байгаа ширээ сандал, орноос эхлээд модон таваг, аяга гээд эдэлж хэрэглэж байгаа ихэнх эд зүйлс Хөвсгөлийнх, тэрдундаа Бүрэнтогтох сумын үйлдвэрлэгчдийнх. Аль болох нутгийнхаа бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зорьдог.  

Анх нөхрийнхөө ажлыг ойлгодоггүй байлаа. Бид жил дараалаад гурван хүүхэдтэй болсон. Нөхөр маань  ажлаараа байн байн явна. Нэг өдөр биднийг онгоцны буудлаас тосч аваарай гэдэг юм байна. Би цүдгэр гэдэстэй, бас хүүгээ тэвэрчхээд нөхрийгөө жуулчидтай нь угтлаа.

Нөхөр маань хүүхдээ тэврээд л, намайг бараг өргөх нь холгүй л юм болох байх гэсэн чинь манай хүн онгоцноос буунгуутаа жуулчиндаа үйлчлээд,  гаднын хүдэр бадируун залуугийн ачааг өргөж, зөөж гүйгээд  хүү бид хоёрыг бараг л тоосонгүй. Гомдоод, уур хүрээд явчихсан. Гэртээ ирлээ.

Нам унтдаг хүн чинь өглөө үүрээр босчихсон жуулчин маань даарсан болов уу, гал хөсгийг нь түлье, кофе чанаж өгье, тэгье ингэе гэж гүйгээд байдаг. Би эхнэр хүүхдээ хайхарсангүй гэж уурлаад. Гэтэл одоо эсрэгээрээ би харин жуулчин маань, зочин маань яаж байгаа бол, цай хоол нь оройтох вий гээд гүйдэг болсон. /инээв/ Ингэж л хөтчийн, аялал жуулчлал эрхлэгчийн ажлыг ойлгосон доо. 

                      Гар утас, компьютер ширтэх завгүй хөтчүүд 

Том хүү Э.Түвшинтөгс: /13 настай/ Хавар цагаан сарын дараа хөдөө гарч  мал төллүүлж, ямаа самнасан. Хөдөөнөөс ирээд бааз дээрээ ажилласан. Зуныхаа амралтаар найзуудтай уулзаж амжаагүй. Өглөө босоод цэвэрлэгээгээ хийнэ, мод, ногоогоо усална, түлээгээ хагалж, зөөнө. Энэ хавар хүмүүстэй хамтарч 100 гаруй модны нүх ухсан.

Охин Э.Түвшинзаяа: /12 настай/ Жуулчдыг байх үед талх шарж, гамбир хийж, ширээгээ засч, өглөөний цай бэлтгэдэг. Аяга таваг маш цэвэрхэн байх хэрэгтэй. Шинэ ногооны салад, будаатай хуурга хийх дуртай. Бас жуулчдаа угтдаг. Ингэхдээ инээж сайхан сэтгэгдэл төрүүлэх ёстой. Жуулчидтай заримдаа англиар, заримдаа орчуулагчтай нь ярилцдаг. Мэдэхгүй англи үгнүүдээ орчуулагчаас нь асууна. Бас жуулчид өөрсдөө хөдөлгөөнөөр заагаад өгчихдөг. Жуулчид голдуу монгол хоолонд дуртай.

Хүү Э.Түвшинтөр: /10 настай/ Жуулчид ирэхээр ачаа барааг нь зөөнө. Морин аяллаар хамт явна. Галыг нь  түлж өгдөг. Жуулчид дахин дахин л  баярлалаа гээд байдаг. Тэдэнд туслах нь гоё санагддаг.